3/31/10

Нуурын цүнхээлтэй
Сарны гэрэлтэй
Нулимс минь л
Миний өмч …
Яг үнэндээ бол "өмч" гэж огт байхгүй энэ бие минь ч түр зуурын түрээсийн төдий юм. Хаанаас хаашаа явж байгаагаа анзаарах ч хүсэлгүй сарыг дагаад л алхана. Энэ шөнө саран дээр үер буусан байх гэж бодно. Хүмүүсийн тухай санаа алдан алдан алхана. Хүн хүнтэйгээ яаж харьцаж, яаж хандаж болдгийг таньж мэдлээ. Бодох тусам өрөөлийг өрөвдөв. Ай хөөрхий хүн гэж амьтан энд ганцаараа л ирсэн ганцаараа оршиж ганцаараа л оддог юм байна. Хэнийг ч битгий хань тат, хэнд ч битгий хорогд. Явах цаг болоход бид өөрсдийгөө ч орхиод одно. Хэдийгээр эцэг эхээс үүдэлтэй боловч тэд бол өөр хүн /хөндлөнгийн/. Тэдний ачийг хариулах тухай бодох хэрэгтэй болохоос тэднээр амьдарлаа мэдүүлнэ гэдэг юутай өөрөөсөө төөрсөн өрөөсгөл хэрэг вэ.
Амьдрал бол нийтийн унаа төдий юм шиг. Суугаад буухын хооронд сандал суудалд санаархана, хүүхэн шуухан, хүн амьтны эдлэлд шунана. Тэгж яваад буудал андуураад буучихвал юутай тэнэг. Энэ амьдрал бидний зүүднээс ч хийсвэр юм шиг санагдана.

Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү

Бүрхэх сэтгэлд гэрэл оруулах гэж бүтэн өдөр ухаантныг дагав. Тэрбээр:
“Өөртөө хүсэж байгаа бүхнийг
өрөөлд эхлээд хүс
өөрийгөө хайж байгаа бол
өрөөлөөс тольд
Ухаарах номтой
Уйлах нулимстай
Үүрэх зовлонтой
Үнэрлэх үртэй яв
”хэмээх үгсийг өдөржин айлдав...


3/28/10

Инээж байгаа хүнийг
Өрөвдөж уйлмаар санагдаад
Эмгэд өвгөдийн нүднээс
Нууц үнэн тодроод
Хөөрч тоглож явсан дүү нар минь
Надаас хөгшин болчих шиг
Гучин насны үүл уул ороогоод
Гунигтай өдрүүдээс уйдах шиг
Сүүмийх төдий зулын гэрэл
Нарнаас хурц туяарахад
Сүмийн орой дээрх гөрөөс бид хоёр
Ямар нэгэн юмыг хүлээзнэх шиг
Уйлж болохгүй инээж болохгүй
Утгагүй байдал удаан үргэлжлэхэд
Үхэл чи хайраас өгөөмөр санагдана.

Өглөөний таван цаг хорин таван минут
Өөртэйгөө ярилцахад хамгийн тохиромжтой мөч
Үзэн ядалт уур бухимдал бүгд замхарч
Үл итгэлцэл, гомдол, цөхрөл бүгд унтжээ
Өнөөдөр, өчигдөртэй ээлж солигдож
Өвгөн хэрээ өнгөрүүлснээ зүүрмэглэхэд
Бүдэг гэгээ цонхны хөшиг даган мөлхөж
Бүсгүйн өврөөс хэн нэгэн зөөлөн босож тамхи асаана.
Яасан аниргүй мөхөл мэт эхлэл вэ?
Яг л ийм үүрээр холын холд одох юмсан.
Байгаагаараа байхсан
Бачуухан байна энд
Баг хэрэггүй
Зангиа хэрэггүй
Сансарт ниснэ
Нисэх хүсэл ч алга
Далавч зурна
Зурмал далавч
Гуйж байна
Битгий харьцуул
Тэр жигүүртнүүдтэй.
Буцахын хооронд
Сайхан байна
Шавар намагт
Шигдээд
Өөрийгөө мэрнэ
Өтөж ялзарна
Намайг ид өтөө
Цад өтөө
Сэг зэм болго
Тамлан жаргаа
Тархинд минь үүрлэ
Итгэлийг минь ид
Сэтгэлийг минь л үлдээ.
Цөхрөлийн дэнлүүг дээрээ өргөөд
Дээвэр дээвэр дамжин гүйнэ
Мөхлийн дууг бахдан аялаад
Мөнх мөнх оршино
Цав цагаан тэр номын зарим хуудсыг эргүүлэх зүрхгүй
Цагаахан ширүүн бороо шиг ээждээ шүлэг бичих зориггүй
Алдсан оносон хуучин дурсамжуудаа ахин санах хүсэлгүй яваа минь
Алсын тэртээ нэгэн өдөр аймшигтай ихээр уйлах шалтгаан болох бий дээ.

3/26/10

Зуурдын амьдралд үүрдийн хайр байна гэвэл
Зургаан зуун жилийн настай мод болж ургая би
Зугаалж яваад амраг минь чи над дээр ирвэл
Зуны халуунд сүүдэрт минь тухлаарай.
Зутруу өвлөөр даарч ганцаардвал
Зуухандаа өрдөж намайг түлээрэй.

3/24/10

Хуучин хуучин дэвтрүүдээр
Хундага дүүрэн шаналал
Галзуу согтуу шүлгүүд
Гашуун хурц хуудаснууд
Сөхөж хархаас ч аймшигтай
Шөнөжин уйлаад уншмаар
Уйтгарт сарны шорон мэт
Улаан хар саарал шүлгүүд
Цөм бүгдээр цонхоор нис
Өнө хожим ч бүү үнэрт
Чи надад юуг ч битгий хэл
Чиний хэлээгүйг харц чинь надад хэлчихдэг
Чимээгүй байхад үнэр чинь надад бүхнээ ярьчихдаг
Чиний нууцыг сэтгэл чинь надад дэлгэж орхидог
Чимээгүй нүдээ аних чинь бүхнээ ярихтай адил.
Битгий санаарай намайг
Би бүх зүйл байх болно
Битгий дурсаарай намайг
Би чи байх болно

3/21/10

Өөрөөсөө өөр
Үрэх өмч үгүй.
Оддын доорх
Орчлон бүхлээрээ
Орон гэр минь

3/19/10

Орж буй цасны сүүлчийн шивнээн
Орчлонг нилд нь гуниг ганцаардал болгов.
Эзгүйрсэн хотод үлдсэн цөөхөн хүн
Энд тэнд ганц нэгээрээ гутлаа чирнэ.

3/12/10

Зүүд:

Манай хотын баруун хойд зүгийн ууланд нэгэн том чулуун бунхан байх бөгөөд тэр бунханд хүн бүрийн, айл бүрийн, овог удам бүрийн нууц судар хадгалагдан байдаг ажээ. Сударт өнгөрсөн одоо ирээдүйн үйл явдлын нэгд нэгэнгүй тусгасан байна.


Хүмүүс өөрийн судрыг олж уншихын тулд тэр чулуун сүм, бунхны зүг үй олноороо явцгаана. Ёстой л хөлтэй нь холхиж, хөлгүй нь мөлхөж байх юм. Тэр зүг ингэж олноороо явах нь хүмүүст их гай тарни шүү гэж олны дундаас нэг хүн сануулсаар байлаа. Надад эхэндээ онцын сонин санагдахгүй байгаа бололтой. Удалгүй би хэн нэгний ятгалгын улмаас тэр сүм уруу явахаар боллоо. Замдаа гал, ус, шороо авч явах хэрэгтэй гэж бас л хэн нэгэн зөвлөв.

Очих зам уртаас урт чулуун замаар үргэлжлэх агаад замын хажуугаар том том чулуун хашилт бүхий хөшөө мэт зүйлс үзэгдэнэ. Замын төгсгөлд над уруу бяруу шиг том нохой дайрч өрөөсөн хөлөөс зуугаад авлаа. Тэр нохой өргөн хүзүүвч, бүдүүн гинжтэй байсныг үзэхэд ямар нэгэн зүйлийг манаж байгаа бололтой. Би авч явсан уснаасаа тэр нохойд өгөхөд намайг цааш явууллаа.

Явсаар сүмийн үүдэнд хүрч очиход тал дугуйрсан, тэгш өнцөгт хэлбэр бүхий өндөр чулуун байгууламж угтав. Ойролцоогоор 30 м өндөр дан чулуугаар ухаж битүү сийлбэр гаргаж хийсэн ажээ. Нүүрэн хэсэгт нь олон хаалганууд эгнэн байрласан байна. Хаалганы өндөр 4 м орчим, зузаан чулуун сийлбэртэй. Хаалга бүгд тус бүрийн нэртэй бөгөөд дээд хэсэгт нь тухайн нэрсийг томоор бичсэн байна. Гэвч ямар үсгээр юу гэж бичсэн нь ойлгомжгүй юм.

Миний орох ёстой хаалга бол “ДЕН” гэдэг хаалга шүү гэдгийг хэн нэгэн хажуугаас хэлэв. Би “ДЕН” хэмээх хаалгыг хялбархан олсон боловч тэр хаалга ганцаараа хаалттай байлаа. Түүнийг нээхийн тулд нэгтийн зоох хийх хэрэгтэй гэв. Надад тэр зоос нь байхгүй учир гайхан зогсож байтал тэр хаалга өөрөө онгойлоо.

Бунхны дотор нь сэрүүн агаартай, өндөр таазтай, бага зэргийн гэрэлтэй орчин байна. Надад ямар нэгэн агуу их дээд сүр хүчний далд мэдрэмж төрж уйлмаар санагдаж байлаа. Танхимын голд жирийн хүнээс 2-3 дахин том болов уу гэмээр хар авс байх юм. Авсны толгой орчимд тахилгын ширээ бас бус юу нь мэдэгдэхгүй олон зүйл байна. Тэнд надаас өөр гурван хүн том хар авсыг тойрон сууцгаажээ.

Тэдгээр хүмүүсийн нэг нь алганд багтах жижигхэн судрыг надад өглөө. Тэр судар буддын ном шиг атлаа нуруулдаж үдсэн тэмдэглэлийн дэвтэр мэт ажээ. Эргүүлэн үзэхэд эхний хуудаснууд нь элэгдэж шарласан байх агаад тэдгээр хуудаснуудад хүн дүрстэй махчин араатан гэмээр амьтад олноор байх юм. Тэр сударт надаас өөр хэн ч мэдэхгүй, зөвхөн миний мэдэх олон нууцуудыг бичиг зураг хөрөгтэй нь хадгалсан байхыг хараад ихэд гайхав ... Ирээдүйн тухай юу дүрсэлсэн нь нууц хэвээр үлдэгдээ... сэрэв-2010.03.06

3/11/10



Өтсөн алим хором тоолон дэнжигнэж

Өрнөөс дорныг хүртэл цөхөрлийн дуун хадна
Тэнгэр бурхад минь биднийг дуудаж ялал
Тэртэй тэргүй бид нэгнийгээ идэж байнаа энд.
Эхийгээ шимэх өөдгүй аалз адил
Энд бид үржиж ханалаа
Мөстлөг цөлжилт үер усан биднийг ариутга
Мөхөл сөнөл бидний маргаашийн аврал
Хорвоо ертөнц минь зоогоо амрааж хөрвөө
Хожим бид зүгээр л цэцэг болон ургая тань дээр.

3/7/10

Хийсвэр үнэний толинд
Хэний инээмсэглэл тодорно вэ?
Хийсэн одох он цагийн төлөө
Хийж чадах бүхэн минь юу вэ?
Үйлийн үрээ тунгаахуйд
Үндэс мөчирт мод гэдгээ мэдэрлээ
Үзэгдэл юмсыг тусгахуйд
Үлгэр төдий зэрэглээ гэдгээ мэдэрлээ
Газар гэж үгүй тэнгэр ч үгүй
Гандмал орчлонд юу мөнх вэ
Ганцхан бодит зүйл нь яг одоо
Гашуудан уйлах миний нулимс уу?