4/12/09

Үүлсийн доор шунах амьдрал
Үхлийн зүг шулуун аялал
Газрын дээр хайрлах сэтгэл
Гашуун үнэний хэврэг дусал
Нарны өмнөх мэдцийн хүрээ
Насны туршид чиний өмч
Сарны цаана харууслын үнэр
Санааны өнгөнд хуурмаг чимээ

4/9/09

Цагаан уул цэцэг шөнөөр эгшиглэж
Царцааны анир салхинд найгаж
Өөрийн гэх гэрэлгүй саран бүсгүй
Өрөөлийн гэгээг цэцгэс дээр зурмуй.
Сарны урласан цэцгэн шүлэг
Саруул үнэрээ зүрхэнд соёлхуйд
Хүн бие минь үүрэн бутарч
Хүсэх, бодох бүхэн өвсөнд шингэх шиг.
delete

4/6/09

Хавар орой, гуталчны овоохойд суугаа
Халамцуу гурван эрийн нэг нь өвөө болсон гэнэ.
Сар, нарны гэрлийг нуруундаа дүүрч
Сайн муугийн дэнсийг нүүрэндээ сийлж
Сажлан орших нь мөнх бус, бодит бус

4/4/09

Т. Содномнамжил:
-- Амирлан оршихуй --
Орчлонг би улам тод мэдэрнэ
Орон зай цаг хугацаанаас гэтлэнэ
Таамаг төдий үнэнээр сэтгэлээ дулаацуулавч
Тамын гал тэртээд сүүмэлзэнэ.
Амьсгалаа би буйгаар ажиглана
Амирлангуйн гүн рүү хөлөг дөтөлнө
Нинж сэтгэлийн эрхэнд хураагдах бүр
Нисваанис хэрхэн гадагшлах нь мэдрэгдэнэ
Үзэгдлийн мөн чанар өнгөө гээнэм
Үлэмж үзэхүйн агшныг цаламдана
Үйл үрийн гинжин хэлхээг тасалсаар
Үргэлжид хураасан нүглийн хүч барагдана
Аяндаа үүсэх, алга болохыг ойлгоно
Амьдрал эргүүлэг гольдролоос нь зугтана
Тэгш оршихуй, мөнх бусын ухаарал
Тэнгэрлэг язгуурын үндсийг чийглэнэ
Буй биеэр долгионы урсгал хөвөрнө
Бусдаас тусдаа бишээ ухаарна
Яг л тэр агшинд гэрэл туяа түгэн цацарч
Ямагт амгалан бодь навчис гэрэлтэнэ