12/13/11


Ажил дээр оройжин л суулаа
Аягатай кофе
Дуусахад ганцаардав

Хүрч болох ойрхон байна
Хүйтэн цас
Хурдан хайлаасай

Өвлийн шөнө
Цэцэгсийн тухай бодол
Өврөөс эрвээхэй...
Би цас болон будрахад
Бичсэн шүлгүүд минь
Навч адил хөглөрнө

12/10/11

Улаан, хар, саарал машинууд
Утаан дундах дүнсгэр байшингууд
Цагдаагийн шүгэл, дуут дохио
Цардмал зам дээрх хэрүүл хараал 
Цөм бүгдээр нам зогсоод
Өнгө будгаар бороо ороосой.
Дараа нь тэгээд нар гарч
Даруй долоон солонго зэрэг татаж
Жаалууд элсэн дээр цайз ордон босгож
Охид чиртаа тоглож, хөөцөлдөн шуугиж
Шувууд жиргэж, 
эрвээхэйд нисэлдэж
Эмээ өвөө нар саравчинд шатар нүүж
Энд тэнд хосууд хөтлөлцөн алхаасай...
Нэг цэцгийг
Мянган удаа зуравч
Мөнхөд үл оршино

12/2/11

Зуны шөнө оддын анивчих аяс нь
Зуурдын хээнцэр охидын янжуур шиг
Монголд үйлдвэрлэгдсэн зарим охид нь
Дарсны ширээн дээрх өргөст хэмх шиг

10/31/11

panoramic photography

http://news.gogo.mn/photo/96003

10/20/11

Намрын өглөө
Намайг ширтэх нь
Толин доторх миний эцэг
-
Ширхэг будаа
Зүүний үзүүр дээр
Инээмсэглэнэ
-
Шүхэр, цув хоёр
Шүргэх зуур ярилцах нь
Намрын бороо
-
Нисдэг тавганд суугаад
Нэрийг нь ч мэдэхгүй гариг дээр
Очих юмсан
-
 Няцарсан аалзны хөл
Татганах нь
Намайг тэндээс дуудах шиг

9/13/11




  • Зүүд:
    Эсэргэн бодол минь пуужин адил харваж
    Энэ амьдрал ганц дугуйтай тэрэг шиг чахарна
    Өөрөөс минь үлдэх хэлтэрхий гавал дотор
    Өт хорхойс аж төрөн сууцгаана...

6/2/11

Байгаа бүхнээс заримдаа удна.
Хаа сайгүй адилхан амьдрал. Бүх хүн хоёр, нүдтэй нэг хамартай. Өглөө бүр нар нэг л газраас мандана, Цагийн тойрон 12-н тоонд л захирагдана, Идэж байгаа бас ууж байгаа бүхэн үнэндээ нэг л адил. Гоо сайхны тухай ойлголт гомдмоор хэвшмэл, муухай, сайхан, эмгэнэл, инээдэм бүхэн нэгэн хэв шинжтэй цутгамал дүрэмтэй. Хэлээ гаргамаар...
Ийм байдаг, тийм байдаг, ингэх ЁСТОЙ тэгэх ЁСТОЙ хэмээх үгнүүдийг Shift delete хийхсэн.
Тэнгэр, бурхан, там, диваажин, хууль дүрэм бүгд миний мэдэлд, бүгд миний хүслээрррр...чөтгөр аваг...
Нэг нүдээ тас аниад
Нэлээн хэдэн сарыг үдлээ
Цонхоо нээлгүй нүүрээ нууж
Цоожтой сэтгэл минь тоосонд дарагдав.
Бээрсэн ялаад ганц нэгээр суниагаад
Бэлэвсэн шоргоолж тагтан доогуур алхана.
Элчгүй наран доор сарзайх
Навчгүй модод такси хүлээх адил зам дагаад
Эмээ, өвөө нар тэтгэвэртээ догдлон оочирлоод
Энэ хотод хавар иржээ...
Хамаг бие минь шил мэт
Хачин тунгалаг мэдрэмж
Хагарах, цуурах хүйтэн чимээ
Хаанаас ч юм хэн нэгэн нэвт ширтэнэ.


Салхи исгэрсэн хязгааргүй хонгил
Сарны туяа бүдэг гэрэлтэй
Толины тусгал шуугиант ертөнц
Толгой эргэж таазаар би мөлхөнө.


Бүх утга тэгтэй тэнцүү
Бүрхэг тэнгэрт том, жижиг цагнууд ниснэ.
Шивнэж хэн нэгэн өнгөрснийг дурсахад
Шилэн бороо зүрхийг сийлэн урсана...

5/4/11

Тойрон нисэх цагаахан шүлгүүд
Торноосоо мултарсан шувууд
Тийм гэх нэргүй мэдрэмжүүд
Тэнгэрээс будрах гунигт бүжгүүд
Аниргүй нам гүмийн зүүд
Агшин зуурын мөхөл мэт
Ямар нэгэн хүлээлт мэт
Яг ийм өдөр л тэнгэрт нисмээр.

1/27/11

Санахгүй ээ бидний эхлэлийг
Сая сая хүмүүс
Сарны доор үржинэ.
Мэдэхгүй ээ би эндхийнх биш
Мэлхий, туулай, сармагчин
Миний хөршүүд.
Дасахгүй ээ би эндхийн бүхэнд
Дарс, чихэр, тамхи
Дараа нь бүгд л хорууд.
Харж байна уу оддын зүг
Хаанаас бид ирээ вэ
Хамаг орчлонг хэзээ нь эзлээ вэ?

1/9/11

Цэцэг ургах нь сонсогдох
Жижигхэн өрөөнд минь
Чимээ аниргүй нам гүм
Чиний тухай бодлууд
Надтай хамт
Цантсан цонх
Унтаж байгаа ханын цаг
Удаан удаан будрах цас
Гадаа хэн нэгэн алхаасай
Гараа даллан мэндлэх юмсан
Яг ингээд зуун өвөл үргэлжилвэл
Ямар олон хүн шүлэг бичих болоо
Яг хэчнээн мянганы дараа
Би цас болон будрах болоо...

1/2/11

Өөрийгөө хуучин модон гүүр гэж нэрлээд
Өвлийн жаврыг сөрж хөл нүцгэн алхав
Бороон дусал бүрийг амьд хэмээн бодож
Бодлын гүнээс цас шуурахыг мэдрэв
Биеэрээ дүүрэн нүд ургуулаад
Бурхантай ярилцаж зүүдлэв
Маргааш бүхнээс жийрхэн холдоод
Мартагнал бүхэнд сөгдөн мөргөв
Цаг хугацааг хараан зүхээд
Цаашаа хараад чимээгүй суув