12/28/10


Яг одоо арван гурван цаг хорин минут
Яст мэлхий зам хөндлөн гарч явна
Гэр хороолол шиг олон машинууд
Гэрлэн дохион доор эвшээлгэнэ
Яг одоо арван гурван цаг гучин минут
Янжуурын утаа зоогийн газарт ширээний бүжиг хийхүйд
Тарган авгайн хэрхэн хоолоо идэж байгааг
Тахианы гэр бүл чимээгүй ширтэн сууцгаана.

12/18/10

Өмхөрсөн модон дээр
Өтний урласан сийлбэр
Хөлдүү мөсөн дунд
Хөндлөн ургасан хээ
Байгалын бүтээсэн энэ бүхэн
Байж болох ТӨГС бүтээл.

12/16/10

Кавлуун

Далайн эргийн давчуу гудамжнууд

Дээрээс өнгийх дэндүү өндөр барилгууд

Тэг дунд нь дээшээ харан зогсов

“Тэнгэр” хаана байгаа юм бэ?

Хамар цоргих навчит ургамлын чийглэг үнэр

Хар зам дээрх шар зурааснууд, улаан таксинууд

Гэрлэн дохионы чийртэй хонхон цохилтууд

Гэнэт садран урсах хүн түрлэгүүд .

Амьдрахын төлөө тэмцэх шоргоолжнуудыг

Ажиглан зогсоно, бишрэн гайхна.

Танихгүй хүнээс асуумаар үгс

“Та нар энд яаж тэсдэг байна аа?”

Үерлэх хүмүүсийн урсгал дунд

Үг хэлэх минь шивнээ адил хүчгүй

Ядарч байна, хөлсөө сэвнэ

Ямар их ганцаардал вэ.

Аквариум доторх амьдралд өдөр үгүй, шөнө үгүй

Арван наймдугаар гудамж, булан тойроод

Гуйлга гуйх өвгөн ламын бор тагш

Гудамжаар холхих хээнцэр охид, цаасан тор.

Түргэн хоолны олон газрууд

Түүхий загас, амьд шавж

Хамгийн том дэлгүүрүүд чамин бараанууд

Ханан дээрх зурагт сурталчилгаанууд.

Харьцангуй хямд саун, массаж хийх заруудтай

Харанхуй нарийн хонгил гудамжнуудаар чихэлдэхдээ

Уужим цэлгэр тал нутгаа бодлоо би

Уртын дуу, айргийн үнэрээ саналаа би.

12/11/10

Хүн чулуудын хонхор
Чулуун хүнээр дүүрчээ
Хүн чанаргүйн зуд
Хөлдүү зүрхээр шуурчээ
Намайг надаас авраач
Наминчлан гуйя тэнгэр минь...

12/9/10

Бүх юм, би өөрөө
Бүр мөсөн мөхнө гэж үгүй
Ургаж буй өвс бол би
Унаж буй навч бол би
Хэдэн ч удаа үхэж болно
Хэзээ харин мөхөхгүй
Шивэрч буй бороо бол би
Ширгэж буй гол бол би

11/27/10

RLMTL'2


Нисдэг нисдэггүй
Бурхад хийгээд чөтгөрүүд
Нирваан болоод Нисванис
Бүгд цөм зүрхээ дэлдэж
Бүтэн шөнөжин улилдана.
Хамгийн тод гэрлийг
Хайж байна тэд
Харанхуйн гүнд байгааг нь
Харж байна бид.
Энд байхгүй тэр зүйл
Тэнд байгаа маргааш
Түр хүлээ тэсэж үлд
Түлэнхий зүрхээ дарсаар угаа.
Одоо цагийн төлөө элгээ арилж
Орчлон нилдээ хар далавчтайг мэдэр
Онгон бүсгүйн хөлсний үнэртэй
Ороолон шулмын тарчлааныг сонс.
Сонс сонс сонс...Чихээрээ бүхнийг ид
Солиорч байна гэж бүү ай
Сэмэрч хатсан хар далавчаа дэлгэ
Сэтгэлд чинь гэрэл байгаа бол нис.
Нис нис нис... Зүрхээрээ нис
Нисдэг шумуулхан минь сор.
Сор сор сор...Цусан улаан хас тэмдэг
Цугларсан бүхэн нисэх болно
Хайрлах хэрэггүй, харамлах хэрэггүй
Харанхуйн гүнээс гэрлийг хайгчид аа
Хатаж үхтлээ чарлалдан..чарлалд...








11 сарын 27





Хааяа нэг яг ингэж

Цаг хугацаа зогсох сайхан
Хамаг бүхэн намайг чагнаж
Харин би бүгдийг ажиглана

Арван нэгдүгээр сар
Танил гудамж, танил хэмнэл
Анданте - Моцарт
Амьд хөгжим, амьд мэдрэмж

Томоос том цонх, цаана нь
Тоглож буй цасан ширхэгүүд
Зоогийн газар, халуун кофе,
Зогсолгүй эргэлдэх Матисийн бүжигчид

Сонсож байна уу та нар
Солгой зүрхний дуулал шиг
Модилъяний бүсгүйчүүдийн
Зүрхний чимээг анирдаач

Буурал амьдралын тухай
Бүхнийг дэлгэх цаг хугацааны
Буцаж ирэхгүй өчигдөрүүдийн төлөө
Винсинтийн хөрөг болъё би.

11/5/10

Цаашид 

10/6/10

Хавирганы хэдэн яс миний жигүүр
Хаа нэг тийш нисэх гэж хэрзэгнэнэ
Хавирган сарны үзүүрт хуруугаа хатгаж
Хачин тунгалаг цэнхэр цус тэнгэрт урсана

9/22/10

INCEPTION

Танихгүй байна өөрийгөө
Таамаг, сэдэл өчүүхэн цэг
Таримал санаа өтгөн ой
Мөчир дүүрэн өтсөн алим
Алим магадгүй миний гэр
Амттай гүн нойр эсвэл
Хэн нэгний зүүдний үр
Хэн нэгний хурууны хээ
Эхлэлгүй төгсгөлгүй мөнх
Эргэлдсээр л эргэлдсээр л
Хайр хүсэл бүгд хамаагүй
Цас бороо цагаан бас удаан
Хэн нэгэн дуулна холоос..
Төөрөгдөл нь мэдлэг
Төгсөхгүй нь мэдрэмж
Эргэж санахгүй...
Энд байхгүй..

9/18/10

Сайн байна уу миний огторгуй
Сарны гэрэлтэй муурын нүдхэн минь
Хаана байна бид?
Хана үгүй, хаалга үгүй
Цантсан тэнгэр нь цацарсан зурагтай
Цагийн зүү нь модтой чихэртэй
Сэтгэл нь шоколадтай зайрмагтай
Шилэн тирко шиг дурлалтай
Сэрхийг хүсэмгүй орчлон буюу.
Их сургуулийн гудамжинд
Инээд баяр гуниг хөглөрсөн
Замаар нэг хуучин дурсамжууд
Залуу насны гэрэлт өдрүүд
Эргээд бодно алхаж байсан хамт
Энд одоо ч түүний шаахай товших шиг
Хаа нэг ганц шар навч
Хаачихаа мэдэхгүй надшиг эргэлдээд
Харин тэр улиас мод одоо ч залуу хэвээрээ
Маргааш бүгд эндээс нисэн одно
Манаач өвөө, цэнхэр мухлаг бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй..
Намайг үнс бороо минь
Навчийг үнс дусал минь
Үүлэнд төрдөг чиний
Амьдрал үнсэлт
Үнсээд мөхөх чиний
Маргааш би.

9/15/10

Хаанаас хаанаас би чамайг миний тэнгэр байхаар дуудсан юм бэ?
Хамгийн сүүлчийн шаргал навчаар зүрхээ сольё
Хаанаас хаанаас энэ намар цагийн салхи үлээнэ вэ?...

9/11/10

Чимэг зүүсгэлт гялгар охидын
Чихрийн цаас шиг ярианаас залхав
Чимээгүй байх нь юутай энгийн

Тэндхийн одод гар сунгах төдий ойрхон
Тийм хурц тийм гүн нүдийг өөр хаана ч харахгүй
Тийм болохоор би тэндээс зугтаасан
Тэнд нар мандах нь уран зураг шиг
Тийм удаан тийм тод инээмсэглэлийг өөр хаана ч хараагүй
Тийм болохоор би тэндээс зугтаасан
Тэндхийн бүхэн тэндхийнх байсан
Тийм болохоор би тэндээс зугтаасан



8/29/10

Хамаг зүйл
Одоо цаг дээр
Орон зай
Оддыг гэрэл
Хамаг зүйл
Одоо цаг дээр
Ус дуслах чимээ
Уул ургах үзэгдэл
Улаан цусны өнгө
Хамаг зүйл
Одоо цаг дээр
Ухаан санаанд минь
Оргүй хоосон

8/11/10

Сэндийчигдэн буй газрын чинь орь дуу бүхэн
Сэтгэл болоод биед минь яр шархыг үүсгэнэ
Ширгэж буй голуудын чинь сүүлчийн амьсгаа бүр
Эргэж хэзээ ч арилахгүй гүн сорвийг үлдээнэм
Л.Өлзийтөгс

8/10/10

Гудамжны эсрэг талаас
Гучин зургаан нүд намайг ширтэнэ
Өнгө өнгийн алаг эрээн нүднүүдээс
Өөрийгөө олж харна...

7/13/10

...Нам гүм нам жим
Уулс шарлаад навчсын түрүүч газарт ганц нэгээрээ
Усархаг хүйтэн бороо жиндүүхэн намар үнэртэнэ
Уулзах өдрөө дахин хүлээх дүлий ганцаардал
Уртаас урт замын голд хөл нүцгэн алхана
Нам гүм нам жим...

7/7/10

Өөрийн хүслээр
Өргөстэй замаар
Гучин хором
Гутлаа чирэв

Үлдсэн мөчүүдэд
Үлгэрийн орноор
Үүлэн дээгүүр
Дүүлэх болтугай.

7/1/10

Улаан тэнгэр

...Тэнгэрт улаан гал дүрэлзэж
Тэнэг хүмүүс диваажинг шатаачихжээ
Хамаг жүжиг ингээд л дууслаа
Хар утаан хөшигний цаана браво… браво...

Унтарсан

Хаалга, Чивас бид гурав чимээ чагнаад л
Харанхуй шөнөөр чамайг хүлээсэн
Мартагдсан гэдгээ мэдэж байсан ч
Магадгүй л юм гэж бодсон
Найдваргүй найдвар ганц гэрэлтэй цонх минь
Наашаа ирэх замыг чинь тосон анивчсан
Хаашаа явсныг чинь мэдэхгүй ч
Харанхуй хүлээлт минь гэрэлтэй байсан...

6/18/10

Сандалтай зүүд

Олон жил ашиглаагүй
Хуучин халуун усны газар
Шалаар нь өлбөрч үсэн жоомнууд
Ханаар нь эгнүүлсэн тавьсан түшлэгтэй модон сандлууд

Модон сандлууд надад ямар нэгэн гунигт түүх ярина
Ярилцах тусам тэд сандал биш хүн болж хувирна...

Миний танил хүмүүс энд хоригдож байгаа бололтой...сэрэв.2010.06.16

5/30/10

Тогтоол усан дээгүүр
Товшин гүйх
Цэнхэр шаахайг
Тодхон санаж байна би
Тавдугаар сар бүхлээрээ намрын сар
Тасран унах навчис бүтнээрээ залуу нас

5/26/10

Зүүд 2010.05.25

Би Анна /юун Анна юм бүү мэд/ гэдэг нэг хүүхэнтэй хамт С. Далигийн шавь болов. Дали бидэнд юу ч эс заах атал байнга хаа сайгүй дагуулан тэнэж явна. Тэр Анна Далигаас жирэмсэн болсон авч тэд юман чинээ тоохгүй хаа сайгүй тэнээд л байна. Заримдаа тэд нэгнээ хөтлөөд шоргоолж шиг явах гэж зориуд оролддог. Ингэж байгаад нэгэн өндөр хаднаас унав. Надад ямар тэнэг харагдсан гээ ч, би үхтэл инээв...
Далли хэлэхдээ: “Та хоёр зурах гэж битгий оролд, зүгээр л тэнэ, хэрэн хэсүүчил, зүгээр л амьд яв, үхэн үхтлээ бүхнийг мэдэр, харин дараа нь бүүр дараа нь үхсэн хойноо зураач болоорой. Энэ дэлхий дээрх бүх зураачид үхсэн хойноо жинхэнэ зураач уран бүтээлч болох гэж бэлтгэл ажлаа энд хийж байгаа юм” гэж хэлэв...сэрсэн

Сэрсэн хойноо бодов: Нээрээ үхлийн дараа Вангог, Пикасо, Клод Моне, Матис … нар юу хийж байгаа бол...Мэдээж зургаа зурж байгаа байх...Юу зурж байгаа бол? Бидний оюунаас хэтэрсэн агуу юм хийж байгаа эсвэл бүүр энгийн бүтээл туурвиж байгаа юм болов уу. Жишээ нь энэ орчлонд амьд байгаа бүх шавьжуудын хэлбэр дизайныг С.Дали тэнгэрийн орондоо хийж суугаа ч юм билүү. Kkkk....Тэгээд хийчхээд загвараа Бурханд үзүүлж батлуулдаг байхдаа ха ха ха ха. Харин Вангог хавар ургах цэцгүүдийн загвар дээр анхаарч, Давинчи гоо сайхан хүмүүсийг урлан бүтээж байгаа ч юм билүү хэн мэдлээ....

5/14/10

---Би---

Уучлаарай. Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй...
Та дугаараа шалгаад дахин... эсвэл надтай ярилцаж болно.
- Чи хэн бэ?
- Би “чи” байна аа. Надгүйгээр хэсэг сайхан байсан байх. Юу хийж байв даа?
- Далавч зураад л...
- Юун далавч тэгээд ниссэн үү?
- Ниссэн. Хэтэрхий дээшээ дараа нь далавч шатсан...
- Тэгдэг юм аа. “Зурмал далавч”... одоо тэгээд дахиад зурж байна уу?
- Үгүй ээ цаасаар баг хийж байна. Өөртөө...


Тав хоногийн дараа...
- Байна уу?
- Байна байна. Хэнтэй ярих вэ?
- Өөртэйгөө ярих гэсэн юм аа. Би хаана байна?
- Театрт хошин жүжиг үзэж байна. Их эмгэнэлтэй юмаа.
- Би уйлаад байгаа юм уу?
- Тийм ээ тэр тайзан дээр би гүйж явна...Гартаа лаа барьчхаж.


Дөрөв хоногийн дараа...
- Байна уу?
- Байна байна. Бас л чи юу хаанаас яриад байна аа чи?
- Чиний доторх нарсанд сууж байна...ханан дээр чинь инээмсэглэл зураад л...
- Хавирган дээр гээч. Наана чинь тэгээд ямар байна?
- Хэлэхгүй ээ :) Харин наранд ямар байна?
- Сайхан байна аа. Би энд хонжворт сугалаанд оролцож байна.
- Тэгээд юу хожив?
- Нэг алим хожлоо. Харин энэ алим өтчихсөн байна.
- Ээ хөөрхий энэ гариг шиг үү?
- Мэдэхгүй юм даа. Өтийг нь түүж л байна. Тэгсэн яг над шиг өт тааралдсан шүү.

Гурав хоногийн дараа...
- Байна уу?
- Байна байна. Ингэхэд чи хаанаас яриад байна аа?
- Толин дотор байна харж байна уу намайг?
- Аан харлаа харлаа. Чи ч залуухан юмаа.
- Тийм байна гэж үү. Хаврыг яаж өнгөрүүлж байна даа?
- Би өөртөө үйлчлэх дэлгүүрт л явж байна.
- Юу худалдаж авах гээв?
- Юу ч авахгүй зүгээр, би энд амьдардаг шүү дээ.

Хоёр хоногийн дараа...
- Хөөе би энд байна уу?
- Байна байна.
- Би уйлаад байгаа юм уу?
- Үгүй ээ энэ бол инээмсэглэл.
- Тэгвэл юунаас болж нулимстай инээмсэглээд байгаа юм?
- ҮНЭН, үнэнээс болоод
- Үнэн гэж юу юм бэ?
- Тэр бол гоо сайхан, төгс сайхан
- Би энэ тухай огт мэдээгүй юм байна. Өөр чи юу мэдэх вэ?
- Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ.

Нэг хоногийн дараа...
- Ахиад л би байна!
- Мэдээж өөр хэн байх билээ :)
- Наад нүд чинь аймшигтай байна. Юмнаас айгаа юу?
- Айсан айсан өөрөөсөө айж байна!
- Би ч гэсэн чамаас айж байна!
- Намайг байхгүйд чи юу хийдэг вэ?
- Зүүд зүүдэлдэг
- Хар дарсан зүүд үү?
- Тийм ээ амттай “хар дарс” шиг...
- Дарсанд шунах ч муудаа. Үр дүн нь бид хоёр ярилцахгүй болно!
- Сайн л биз. Бид хоёрын ярилцлага дуусахад амьдрал угаасаа дуусна!...
- Одоо чи нэг юм мэдэх хэрэгтэй.
- Юуг?
- Чи бол миний зүүд шүү дээ. Тэгээд бас зүүд яриад байгаа юм даа. Хэ хэ
- Яалаа гэж дээ харин чи өөрөө миний зүүд юм биш үү?
- За за бүр нарийндаа бол бид хоёр түүний зүүд байгаа юм.
- Хэний?
- Чимээгүй ээ. Тэр сэрчихнэ . . .

5/11/10

Би махан биетэй амьд шорон
Биеэс минь шөнө бүр хэн нэгэн
Эрх чөлөөг хүсэн саранд тэмүүлнэ
Би ясан биетэй амьд гүүр
Биеэр минь шөнө бүр хэн нэгэн
Тэндээс дамжин ирнэ...
Хонжворт сугалаанд хамаг бүхнээ, хамаг бүхнээр нь алдчих шиг
Хоосон цээжээр зоосон нүхээр салхи үлээх хавар цагт
Хаврыг дуудна харилцуурын цаана
Холбогдох боломжгүй
Холдон одох бүхэн өнгөрсөн дурсамж.
Дурсамжийн өрөөнд дуучин шувуухай
Хуучин гутал шиг тэсвэр тэвчээрийнхээ хариуд
Хундага дарс, хугархай янжууртай хоцорно.
Үлдэн хоцорсон тэр амьд биет
Үнэн хэмээх халбага зөгийн бал, хатсан сарнайг
Үхэр тэргээр хаваржин хайгаад олохгүй.
Харин та нар минь
Хачин сайхан зүүднээсээ сэрэх хэрэггүй
Тэртэй тэргүй энд
Харсан бүхнээ буруушаан дүнгэнэх ялаа шиг
Харь гаригийн амьтад биднээс ухаантай.
Үлгэрт итгэдэг живэхтэй жаалууд минь
Үнэгчлэн нойрсох чи бид өнөөдөр л жаргалтай.
Тэртэй тэргүй тэнэг
Согтуу нэгнээр хөтлүүлэн зам гарч яваа
Сохор эмгэн шиг бидний амьдрал
Гэрэлтэй гэгээтэй гэмтэй.

5/9/10

Хаалга тогших эхний хүнийг буудчихмаар
Хагархай шилээр нүүрээ сийчмээр
Цонхоор нисээд үүлэнд хүрмээр
Цоожтой торхонд 1000 жил суумаар

5/4/10

Сайхан бүх амьдрал чинь
Саран эмээгийн зүүд
Харин эмээ долларт дуртай
Хар муур шигээ давсаг султай
Шөнө бүхэн хувин дүүрэн
Эхүүн зүүднүүд тунарна

5/1/10

Харь гаригаас ирэгсэд
Хаа сайгүй холхилдоно
Хөөрхий үрчгэр амьдрал
Хөлсний үнэртэй...

4/29/10

Тэнгэрээс ширтэх гунигт харц
Тэргэл саран миний сэтгэлийн толь
Чимээгүй хөврөх он цагууд
Чийгт нүдэн миний мөнхийн гэрэл
Бяцхан төмөр алханд хайртай байсан
Бяцарсан тэр хундага дарстай байсан
Дарстай хундага өмнө нь далавчтай байсан
Дараа нь тэгээд шалаар нэг гэрэлтсэн одод болсон...

4/25/10

Бурхан багшийн сүнс хөлгүй их далайд яст мэлхий болон төржээ. Нэгэн өдөр далайд явтал ширүүн салхи үүсэж тэнд явсан хэсэг загасчид давлагаанд өртөн завь нь хөмөрч гэнэ. Яст мэлхий тэдгээр загасчин хүмүүсийг нуруундаа үүрэн олон хоног явсаар арай гэж далайн эрэг дээр гаргаж өгөөд өөрөө ихэд ядран эргийн элсэн дээр хэвтэж байгаад унтаж орхижээ.
Гэнэт сэртэл түүний бие дээр үй олон ялаа батгана шавчихсан арьс махыг нь шимж байжээ.
Харин энэ үед яст мэлхий бодохдоо ”..Би босоод хөрвөөх юм бол энэ олон амьтны амь үгүй болно. Хэрвээ ус уруу орох юм бол олонх нь живж үхэх нь магад . Миний ганцхан амь яах вэ, эдгээр олон амьтдын амь хайран юм даа...” гэж бодоод зориуд хэвтсээр байгаад тэдгээр амьтдыг өөрөөрөө хооллон орчлонгоос явж бурхны хутгийг олжээ...

4/9/10

Тамхины утаа суунаглаж, лонх хагарсан
Танхай "БАР"-нд хориод жил согтуурлаа би
Эрээн чамин гэрэл, элдэв сонин баг, дүр солигдсон
Инээдмийн, эмгэнэлт "Театр"-т хориод жил суулаа би
Өөртөө үйлчлэх журамтай өргөн хэрэглээний "Дэлгүүр"-т
Өөрт минь хэрэггүй барааг хайж хориод жил тэнэлээ би
Амьдрал чиний "Санал шүүмжийн дэвтэр" дээр хараал тавьж
Ахиад хэдэн өвлийг энд өнгөрүүлэх юм болдоо би.
Хэлбэргүй дүргүй модод
Хэрмэл тэнэмэл шувууд
Сохорсон гэгээрсэн нүднүүд
Сонирхох зүйлгүй амьдрал
Миний эзгүй хаврын наран
Чиний услахгүй хатмал цэцэг
Удаан хүлээсэн борооны үнэр
Утгагүй үнэгүй цаг хугацаа...
Дөрвөн давхар зүүдний мухарт хэрээ гүйлдэж
Дөчин толины голд өөртэйгөө хэрэлдээд сэрхэд
Үүр цайх гурван зуун жилийн дараа юм шиг
Үрчгэр тархинаас утаа савсан халуу дүүгэж байдаг.

4/5/10

Дахиж ирэхгүй өдрүүдийг
Дарсны ширээн дээр хундгалъя
Дандаа согтуу явахгүйн төлөө
Даварч одоо л ууя
Гүн хар хонгил намайг ширтэнэ
Гүйгээд ормоор байж ядна
Үнэний бамбар гартаа баръя би
Үзэн ядна өөрийгөө бас тэднийг
Уртаас урт худал хуурмагийн хонгилд
Улаан цусаараа сэтгэлийн үнэнийг зуръя

4/3/10

Хажууд байгаа нь алсад байдаг
Хардах сэтгэл шиг энэрэл байдаг
Халаасны өрөө шиг хайр байдаг
Ханын цаг шиг дурсамж байдаг
Хатуу дарс шиг рашаан байдаг
Хахир үг шиг магтаал байдаг
Хариулах хэрэггүй асуулт байдаг
Харагдаж байгаа нь хуурмаг байдаг
Харанхуй орчлонд нар гийдэг

3/31/10

Нуурын цүнхээлтэй
Сарны гэрэлтэй
Нулимс минь л
Миний өмч …
Яг үнэндээ бол "өмч" гэж огт байхгүй энэ бие минь ч түр зуурын түрээсийн төдий юм. Хаанаас хаашаа явж байгаагаа анзаарах ч хүсэлгүй сарыг дагаад л алхана. Энэ шөнө саран дээр үер буусан байх гэж бодно. Хүмүүсийн тухай санаа алдан алдан алхана. Хүн хүнтэйгээ яаж харьцаж, яаж хандаж болдгийг таньж мэдлээ. Бодох тусам өрөөлийг өрөвдөв. Ай хөөрхий хүн гэж амьтан энд ганцаараа л ирсэн ганцаараа оршиж ганцаараа л оддог юм байна. Хэнийг ч битгий хань тат, хэнд ч битгий хорогд. Явах цаг болоход бид өөрсдийгөө ч орхиод одно. Хэдийгээр эцэг эхээс үүдэлтэй боловч тэд бол өөр хүн /хөндлөнгийн/. Тэдний ачийг хариулах тухай бодох хэрэгтэй болохоос тэднээр амьдарлаа мэдүүлнэ гэдэг юутай өөрөөсөө төөрсөн өрөөсгөл хэрэг вэ.
Амьдрал бол нийтийн унаа төдий юм шиг. Суугаад буухын хооронд сандал суудалд санаархана, хүүхэн шуухан, хүн амьтны эдлэлд шунана. Тэгж яваад буудал андуураад буучихвал юутай тэнэг. Энэ амьдрал бидний зүүднээс ч хийсвэр юм шиг санагдана.

Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү

Бүрхэх сэтгэлд гэрэл оруулах гэж бүтэн өдөр ухаантныг дагав. Тэрбээр:
“Өөртөө хүсэж байгаа бүхнийг
өрөөлд эхлээд хүс
өөрийгөө хайж байгаа бол
өрөөлөөс тольд
Ухаарах номтой
Уйлах нулимстай
Үүрэх зовлонтой
Үнэрлэх үртэй яв
”хэмээх үгсийг өдөржин айлдав...


3/28/10

Инээж байгаа хүнийг
Өрөвдөж уйлмаар санагдаад
Эмгэд өвгөдийн нүднээс
Нууц үнэн тодроод
Хөөрч тоглож явсан дүү нар минь
Надаас хөгшин болчих шиг
Гучин насны үүл уул ороогоод
Гунигтай өдрүүдээс уйдах шиг
Сүүмийх төдий зулын гэрэл
Нарнаас хурц туяарахад
Сүмийн орой дээрх гөрөөс бид хоёр
Ямар нэгэн юмыг хүлээзнэх шиг
Уйлж болохгүй инээж болохгүй
Утгагүй байдал удаан үргэлжлэхэд
Үхэл чи хайраас өгөөмөр санагдана.

Өглөөний таван цаг хорин таван минут
Өөртэйгөө ярилцахад хамгийн тохиромжтой мөч
Үзэн ядалт уур бухимдал бүгд замхарч
Үл итгэлцэл, гомдол, цөхрөл бүгд унтжээ
Өнөөдөр, өчигдөртэй ээлж солигдож
Өвгөн хэрээ өнгөрүүлснээ зүүрмэглэхэд
Бүдэг гэгээ цонхны хөшиг даган мөлхөж
Бүсгүйн өврөөс хэн нэгэн зөөлөн босож тамхи асаана.
Яасан аниргүй мөхөл мэт эхлэл вэ?
Яг л ийм үүрээр холын холд одох юмсан.
Байгаагаараа байхсан
Бачуухан байна энд
Баг хэрэггүй
Зангиа хэрэггүй
Сансарт ниснэ
Нисэх хүсэл ч алга
Далавч зурна
Зурмал далавч
Гуйж байна
Битгий харьцуул
Тэр жигүүртнүүдтэй.
Буцахын хооронд
Сайхан байна
Шавар намагт
Шигдээд
Өөрийгөө мэрнэ
Өтөж ялзарна
Намайг ид өтөө
Цад өтөө
Сэг зэм болго
Тамлан жаргаа
Тархинд минь үүрлэ
Итгэлийг минь ид
Сэтгэлийг минь л үлдээ.
Цөхрөлийн дэнлүүг дээрээ өргөөд
Дээвэр дээвэр дамжин гүйнэ
Мөхлийн дууг бахдан аялаад
Мөнх мөнх оршино
Цав цагаан тэр номын зарим хуудсыг эргүүлэх зүрхгүй
Цагаахан ширүүн бороо шиг ээждээ шүлэг бичих зориггүй
Алдсан оносон хуучин дурсамжуудаа ахин санах хүсэлгүй яваа минь
Алсын тэртээ нэгэн өдөр аймшигтай ихээр уйлах шалтгаан болох бий дээ.

3/26/10

Зуурдын амьдралд үүрдийн хайр байна гэвэл
Зургаан зуун жилийн настай мод болж ургая би
Зугаалж яваад амраг минь чи над дээр ирвэл
Зуны халуунд сүүдэрт минь тухлаарай.
Зутруу өвлөөр даарч ганцаардвал
Зуухандаа өрдөж намайг түлээрэй.

3/24/10

Хуучин хуучин дэвтрүүдээр
Хундага дүүрэн шаналал
Галзуу согтуу шүлгүүд
Гашуун хурц хуудаснууд
Сөхөж хархаас ч аймшигтай
Шөнөжин уйлаад уншмаар
Уйтгарт сарны шорон мэт
Улаан хар саарал шүлгүүд
Цөм бүгдээр цонхоор нис
Өнө хожим ч бүү үнэрт
Чи надад юуг ч битгий хэл
Чиний хэлээгүйг харц чинь надад хэлчихдэг
Чимээгүй байхад үнэр чинь надад бүхнээ ярьчихдаг
Чиний нууцыг сэтгэл чинь надад дэлгэж орхидог
Чимээгүй нүдээ аних чинь бүхнээ ярихтай адил.
Битгий санаарай намайг
Би бүх зүйл байх болно
Битгий дурсаарай намайг
Би чи байх болно

3/21/10

Өөрөөсөө өөр
Үрэх өмч үгүй.
Оддын доорх
Орчлон бүхлээрээ
Орон гэр минь

3/19/10

Орж буй цасны сүүлчийн шивнээн
Орчлонг нилд нь гуниг ганцаардал болгов.
Эзгүйрсэн хотод үлдсэн цөөхөн хүн
Энд тэнд ганц нэгээрээ гутлаа чирнэ.

3/12/10

Зүүд:

Манай хотын баруун хойд зүгийн ууланд нэгэн том чулуун бунхан байх бөгөөд тэр бунханд хүн бүрийн, айл бүрийн, овог удам бүрийн нууц судар хадгалагдан байдаг ажээ. Сударт өнгөрсөн одоо ирээдүйн үйл явдлын нэгд нэгэнгүй тусгасан байна.


Хүмүүс өөрийн судрыг олж уншихын тулд тэр чулуун сүм, бунхны зүг үй олноороо явцгаана. Ёстой л хөлтэй нь холхиж, хөлгүй нь мөлхөж байх юм. Тэр зүг ингэж олноороо явах нь хүмүүст их гай тарни шүү гэж олны дундаас нэг хүн сануулсаар байлаа. Надад эхэндээ онцын сонин санагдахгүй байгаа бололтой. Удалгүй би хэн нэгний ятгалгын улмаас тэр сүм уруу явахаар боллоо. Замдаа гал, ус, шороо авч явах хэрэгтэй гэж бас л хэн нэгэн зөвлөв.

Очих зам уртаас урт чулуун замаар үргэлжлэх агаад замын хажуугаар том том чулуун хашилт бүхий хөшөө мэт зүйлс үзэгдэнэ. Замын төгсгөлд над уруу бяруу шиг том нохой дайрч өрөөсөн хөлөөс зуугаад авлаа. Тэр нохой өргөн хүзүүвч, бүдүүн гинжтэй байсныг үзэхэд ямар нэгэн зүйлийг манаж байгаа бололтой. Би авч явсан уснаасаа тэр нохойд өгөхөд намайг цааш явууллаа.

Явсаар сүмийн үүдэнд хүрч очиход тал дугуйрсан, тэгш өнцөгт хэлбэр бүхий өндөр чулуун байгууламж угтав. Ойролцоогоор 30 м өндөр дан чулуугаар ухаж битүү сийлбэр гаргаж хийсэн ажээ. Нүүрэн хэсэгт нь олон хаалганууд эгнэн байрласан байна. Хаалганы өндөр 4 м орчим, зузаан чулуун сийлбэртэй. Хаалга бүгд тус бүрийн нэртэй бөгөөд дээд хэсэгт нь тухайн нэрсийг томоор бичсэн байна. Гэвч ямар үсгээр юу гэж бичсэн нь ойлгомжгүй юм.

Миний орох ёстой хаалга бол “ДЕН” гэдэг хаалга шүү гэдгийг хэн нэгэн хажуугаас хэлэв. Би “ДЕН” хэмээх хаалгыг хялбархан олсон боловч тэр хаалга ганцаараа хаалттай байлаа. Түүнийг нээхийн тулд нэгтийн зоох хийх хэрэгтэй гэв. Надад тэр зоос нь байхгүй учир гайхан зогсож байтал тэр хаалга өөрөө онгойлоо.

Бунхны дотор нь сэрүүн агаартай, өндөр таазтай, бага зэргийн гэрэлтэй орчин байна. Надад ямар нэгэн агуу их дээд сүр хүчний далд мэдрэмж төрж уйлмаар санагдаж байлаа. Танхимын голд жирийн хүнээс 2-3 дахин том болов уу гэмээр хар авс байх юм. Авсны толгой орчимд тахилгын ширээ бас бус юу нь мэдэгдэхгүй олон зүйл байна. Тэнд надаас өөр гурван хүн том хар авсыг тойрон сууцгаажээ.

Тэдгээр хүмүүсийн нэг нь алганд багтах жижигхэн судрыг надад өглөө. Тэр судар буддын ном шиг атлаа нуруулдаж үдсэн тэмдэглэлийн дэвтэр мэт ажээ. Эргүүлэн үзэхэд эхний хуудаснууд нь элэгдэж шарласан байх агаад тэдгээр хуудаснуудад хүн дүрстэй махчин араатан гэмээр амьтад олноор байх юм. Тэр сударт надаас өөр хэн ч мэдэхгүй, зөвхөн миний мэдэх олон нууцуудыг бичиг зураг хөрөгтэй нь хадгалсан байхыг хараад ихэд гайхав ... Ирээдүйн тухай юу дүрсэлсэн нь нууц хэвээр үлдэгдээ... сэрэв-2010.03.06

3/11/10



Өтсөн алим хором тоолон дэнжигнэж

Өрнөөс дорныг хүртэл цөхөрлийн дуун хадна
Тэнгэр бурхад минь биднийг дуудаж ялал
Тэртэй тэргүй бид нэгнийгээ идэж байнаа энд.
Эхийгээ шимэх өөдгүй аалз адил
Энд бид үржиж ханалаа
Мөстлөг цөлжилт үер усан биднийг ариутга
Мөхөл сөнөл бидний маргаашийн аврал
Хорвоо ертөнц минь зоогоо амрааж хөрвөө
Хожим бид зүгээр л цэцэг болон ургая тань дээр.

3/7/10

Хийсвэр үнэний толинд
Хэний инээмсэглэл тодорно вэ?
Хийсэн одох он цагийн төлөө
Хийж чадах бүхэн минь юу вэ?
Үйлийн үрээ тунгаахуйд
Үндэс мөчирт мод гэдгээ мэдэрлээ
Үзэгдэл юмсыг тусгахуйд
Үлгэр төдий зэрэглээ гэдгээ мэдэрлээ
Газар гэж үгүй тэнгэр ч үгүй
Гандмал орчлонд юу мөнх вэ
Ганцхан бодит зүйл нь яг одоо
Гашуудан уйлах миний нулимс уу?

2/22/10

Хөлдүү газар товших жоотууны цуурай
Хөшөө чулуун дээр гуагалах хэрээний дуу
Хөндий авснаа шивнэлдэх одоочдын сүнс
Хөөгдөж, зугтаагсдын цөхрөлийн дуун

2/6/10

Ханан дээр чиний инээмсэглэлийг зураад
Хажууд нь өөрийгөө цовдолъё
Харамсалтай нь энэ бүхний учрыг
Хагас зуун жилийн дараа чи тайлна

1/28/10

. . . . . . байхгүй юмны гунигийн төлөө
Бууны дүрсийг шүлгээр дүрслэн зуръя тэгэх үү?
.буун дуу аниргүйг эвддэг шиг сэтгэлээ эвдчихээд
. .гохонд нь этгээд санаагаа дүрсэлж орхиё
. . . .хэзээ ч юм энэ буугаа цэнэглээд
. . . . .хоосон амьдралын
. . . .хуурамч өдрүүдийг
. . . бутартал нь
. . .буудчихъя..
. . харуусмаар
.гашуудмаар
.хариулт үгүй
. хүйтэн өдрүүд


"6-р Утас" шүлгийн ном

1/23/10


Аяс намдуухан нөгөө ертөнц рүү
Алгуурхан бид дөхөж явна

Мөнх бусын амьдралаа аваад

Мөдхөн би чинь замд гарч мэднэ