1/27/11

Санахгүй ээ бидний эхлэлийг
Сая сая хүмүүс
Сарны доор үржинэ.
Мэдэхгүй ээ би эндхийнх биш
Мэлхий, туулай, сармагчин
Миний хөршүүд.
Дасахгүй ээ би эндхийн бүхэнд
Дарс, чихэр, тамхи
Дараа нь бүгд л хорууд.
Харж байна уу оддын зүг
Хаанаас бид ирээ вэ
Хамаг орчлонг хэзээ нь эзлээ вэ?

1/9/11

Цэцэг ургах нь сонсогдох
Жижигхэн өрөөнд минь
Чимээ аниргүй нам гүм
Чиний тухай бодлууд
Надтай хамт
Цантсан цонх
Унтаж байгаа ханын цаг
Удаан удаан будрах цас
Гадаа хэн нэгэн алхаасай
Гараа даллан мэндлэх юмсан
Яг ингээд зуун өвөл үргэлжилвэл
Ямар олон хүн шүлэг бичих болоо
Яг хэчнээн мянганы дараа
Би цас болон будрах болоо...

1/2/11

Өөрийгөө хуучин модон гүүр гэж нэрлээд
Өвлийн жаврыг сөрж хөл нүцгэн алхав
Бороон дусал бүрийг амьд хэмээн бодож
Бодлын гүнээс цас шуурахыг мэдрэв
Биеэрээ дүүрэн нүд ургуулаад
Бурхантай ярилцаж зүүдлэв
Маргааш бүхнээс жийрхэн холдоод
Мартагнал бүхэнд сөгдөн мөргөв
Цаг хугацааг хараан зүхээд
Цаашаа хараад чимээгүй суув