12/31/09

Нэгэн тоон утга солигдов
Ямар нэгэн хагацал мэт гунигтай, хоосон
Инээмсэглэл дүүрэн хүмүүс, чимээ шуум
Энэ бүхний ажиглан суух сайхан.

12/28/09

Надад гомдсон бусдын нулимс хэдэн лонх дүүргэх бол
Надаас гарсан хатуу үгс хичнээн навчийг шатаах бол

12/13/09

Бодит амьдрал минь оргүй хоосон зүүд
Оргүй хоосон зүүд минь оршин буй үнэн
Наран хийгээд цэцгүүд бүр хуурмаг зэрэглээний үр

12/6/09

Би хагархай толь
Битгий гайх энэ
Бүхэн чиний тусгал

11/26/09

Бодох нь өөрийгөө
Өрөвдмөөр ахархан
Аймшигтай хүмүүс

Яг над шиг...

11/25/09

Ямар байвал чамд тааламжтай вэ
Яст мэлхийн хуяг чамд байгаа юу
Чимээгүй байхыг ухаан гэх үү
Чиний өмнөх дурсамж үнэтэй юу
Тэнгэрийн рашаан гэлтэй бороон дуслууд ертєнцийн хирийг арилган оджээ
Тэргvvлшгvй чинадаас ариусган ариусгасаар саруул оюуны лянхуаг дэлгэрvvлжээ
Нvцгэн бvсгvйн галбир шиг бємбєрцгийн налууг даган урсжээ, ариухан усан
Нvглийн цєєрмийн бєглєєсийг мулталж газрын гvн рvv усыг нь шавхжээ…
Yнэн сайхан тунамал эрдэнэ мэт сэтгэлийг судлахаар алсын уулс руу би явлаа

Тогоонтөмөрийн СОДНОМНАМЖИЛ
Шал чахрах чимээнээр
Шалиг бодлууд бутрав
Өглөө болж үүр цайхад
Өөрийгөө хамж цүнхлэв

11/20/09

Цаасан багнууд
Хоосон харцууд

11/12/09

Шар шувууны үүр уруу нисэлдэх далавчит хундаганууд
Сарны гэрэлд үзэсгэлэн төгөлдөр бөгөөд хэврэг


10/26/09

Одод яасан олон
Орчлон яасан жижиг
Алдаа яасан олон
Амьдрал яасан богино

10/10/09

Шөнө ургадаг цэцгийн үнэр согтоох шидтэй
Мөнх урсдаг түүний нулимс улаан өнгөтэй
Орчлонгийн хүсэл хүжийн үнэр мэт хэврэг
Очих газар бүгдийнх ямхын төдий нэг л цэг
Санаа алдахын төдий мултран унах
Сүүлчийн тэр навч
Сарны гэрлээс зүүгдэн саатав.

9/16/09

Буйдхан тосгонд нэг удаа очиж билээ
Буцаад тэнд очих замаа мэддэг ч болоосой
Ваар хэдий хоосон ч агаараар дүүрэн
Сэтгэл хэдий хол ч ганцаардлаар дүүрэн
Огторгуй хэдий хязгааргүй ч одоор дүүрэн
Орчлон хэдий баян ч хоосноор дүүрэн

9/14/09

Харанхуйн гүнд сэнсрэгч энэ гаригийн бөөс бид
Хар өнгөөс айж, бараан шүлгээс зугтаад яах билээ

9/13/09

Тэр над дээр цас шиг будардаг
Тэгээд удалгүй мөс шиг хайрч эхэлдэг
Тэр заримдаа өөр тийш урсдаг
Тэгж урсахаараа агаарт ууршчихдаг.

9/12/09

Энэ амьдрал цусан гинж
Эцгээс хүүд урсан ирэх улаан горхи
Цоорхой тэнгэр нь намрынх
Цонх даган урсах нь сүүлчийнх
Маргааш гэж байх үгүй нь минийх
Магад одоо л шийдмээр үүнийг...
Тамхины мөнгө, өөрийгөө худалд
Тархины гажуудал, үнэгүй шүлэг
Таалагдах хүсэл, архины ухуулах
Танихгүй амраг, тэнэмэл нохой

9/11/09

Хонгор бүсгүйн сэтгэлийн хүч
Хоёрхон жилийн цэнэгтэй
Холдож чадахгүй миний зүрх
Хогийн саванд хоногтой

9/3/09

Харьцангуй шинжит орон цаг дор
Харагдан буй бүхэн нэрийн төдий
Үнэн хэмээх нь оюунд ургах төөрөгдөл
Үзэгдэл хэмээх нь мөнх бусын зүүд

8/21/09

Ус дуслах чимээ энгэр цээжинд сонсогдох нь
Тасархай, хагархай түүний хэмнэл.
Урдаас алхан ирэх хэн нэгэн
Танихгүй танил, толинд ойх нь миний төрх.
Уйдахгүй, залхдаггүй мөлхөө сүүдэр минь хүртэл
Шаргал навчин доор надаас нуугдах нь намар цаг.

8/17/09

Гэрэл зураг
Энэ л насанд ганц удаа хэрэглэх хамар, чих, амны зураг
Эрвээхэй нисэлдэх хорвоог миний дотроос ажих нүдний хөрөг,
Ургалаа гээд богиносгоод засуулчих, энэ хэвээрээ байхгүй үсний хэлбэр.
Уйтгартай гөлчгөр цаас;
Аль болохуйц гаднаа баяртай инээмсэглэж,
Аятайхан гарахыг хичээсэн хямдхан хүслийн л сүүдэр.
Хуучирч, ханцуй нь сэмэрсэн ноолууран цамцны зураг.
Хуучин энэ цамцны шошгон дээрх “Made in Mongolia”
Өчүүхэн, хэн ч олж харахгүй тэр хатгамал шошгоноос
Өрөвдмөөр, гарах замгүй түгжигдмэл, бахархал мэт гэгээ цацрах нь
Энэ зураг дээр үзэгдэхгүй
Тайлаад сольчих баг мэт нүүр царай бол би биш,
Та эндээс НАМАЙГ олж харахгүй.
2008.3.11. Г.Аюурзана

8/14/09

Үг минь үнэгүй
Үнсэлт минь хүчгүй
Хуучин гутал шиг энэ бие
Шавар шалбаагтай шөнийн гудамжинд
Сайхан зүйл мөрөөдөн чам руу л алхана.

8/9/09

Ойхон арлын зүүд
Зүүн мөрөн дээр цас шүхэрлэнэ.
Салхи инээвхийлнэ.
Баруун мөрөн дээгүүр хэн нэгэн өнгийж
Сэтгэл уруу минь чимээгүй шагайна.

Сэтгэл уруу шагайгч Түүнд:
Наранд хандах минь мөргөлийн үг мэт,
Бурхан Хадыг гороолсон зам минь
Амьдралаас залхаж хатгасан цэцэг мэт.

Энүүхэн ч биш, бүх амьдрал минь цэцэг л дээ.
Гэхдээ
Шүлгийн адагт тавьсан бяцхан цэнхэр цэг дотуур
Сүнснүүд хожим буман жил нисэлдээд ч,
Нөгөө хязгаарт нь хүрэхгүй.

2007.01.29. Г.Аюурзана

8/3/09



Хар кофе, Луи Армстронг хоёр
Хачин адилхан санагдаж
Дэгжин бүрээний хөнгөн хэмнэл
Дэлхийн татах хүчнээс өндөрт дүүлнэ.

8/2/09

Миний очиж үзээгүй тэр далайн эрэгт
Яг одоо би цагаан сахлаа имрээд зогсож байгаа
Миний уншиж үзээгүй тэр номын мөрүүд дунд
Яг одоо энэ мөрүүд бичигдчихсэн л байгаа.
Энэ ертөнцийн бүхийл өнцөг хонгил, гудамж, тагт бүхэнд
Энэ бие минь очиж өглөөний цай үнэртэж, оройн нарыг ширтэн зогсоо.
Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй тэр нэгэн үнэн
Яг одоо намайг хаа нэгтээ үгүйсгэж буй
Миний үхэж үзэхгүй үхлийн хэлбэр төрх, агшин
Яг одоо хэн нэгнийг миний өмнөөс залгиж буй
Хэний ч бодоогүй бодол, сэрэл, мэдрэмж бүхэнд
Хэзээ нэгэн цагт сэтгэл минь явж очих болно.
Намрын шөнө оддын нүүдэл умрыг зориход
Навчин дээр хөрвөөх шүүдрийн дуслыг
Саран эмээгийн гэрлэн зүүгээр нэвт сүлбэн сэрээхүйд
Саваагүй дусал уулга алдан газарт унав.

7/27/09

"Миний дургүй сарууд"
...Үгүй дээ, миний дургүй сар

Зургаан сар биш юм байна.
Долоон сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дундаа ороход тэнэгүүд л догдолдог биз ээ...
Бошинз бүхний хормой дор
Борлосон шилбэ өдөөстэй.
Янхан бүхний уруул дээр
Ялдам инээмсэглэл уриастай.
Задгай шар айрагны
Задгай сэхээвчин доогуур
Задгай энгэртэй охидын
Задгай янжуурын утаа
Доромжлол мэт хөшилдөөд л, гэлээ ч миний дургүй сар
Долоон сар биш ээ, биш.
Дулаан тэнгэрээр нэг
Дуу тархаад... Яалаа гэж
Найман сар...
-------------------------------------
Г. АЮУРЗАНА
Сэтгэл рүү шагайгч Түүнд

7/22/09

Зутруу дурсамж, бодлын чандруу
Цагны чимээ, бороон дуслууд
Тэртээд хуцах нь шөнийн ноход
Тийм гэхийн нэргүй хэмнэл аяз.
Харанхуйн жүжиг, зүүдний тайз
Хачин их үзэн ядалт миний зүг...
Сүүлчийн амьсгалыг надаас булаах
Сүүмгэр түрэмгий тэд тал нүүртэй...
Хөгжим хэсэг намжиж, хоолой засах
Хөшиг түр хаагдаж, гэрэл унтрах...
Цонх мөргөж үхэх дэнгийн эрвээхэй
Цочиж сэртэл сүнс нь миний эмээ...
Төдөлгүй өтөн далайд сэлж
Төмөр замаар мөлхөж
Агаарын бөмбөлгөөр хөөрч
Араатан амьтантай зугаалж
Ухаан санааны хийн дасгал
Унтах гэж тарчилсан нэгэн шөнө.
Аз жаргал, амжилтын алим
Зовлонгийн цэцэрлэгт ургавч
Амсах төдий ялзрах нь бий.


Өглөө нарны туяанд хурц гэрэлтэж
Өнгөлж зүлгэж суусан хайр нь гялалзавч
Өөрөө хагарах шил адил бутрах цаг ирнэ.


Буруу замаар шороо тээн ирэх
Бусдын тэнэгийн гайхан шагшивч
Буцааж бодвол чиний тэнэгийг тэд гайхна.


Хотлын захирч ихийг бүтээж
Хорвоог хивсээр бүрэвч
Хоёр хөл чинь углааш хүснэ.


Алтыг хайлуулж гоёл хийж
Алдааг харж сургамж авсан ч
Авсанд орохдоо чи бид адил нэг.

7/15/09

Тэнгэрийн гуниг болор үүлнээс
Тэртээх уулс бодлын зүгээс исгэрнэ
Талын зам морьдын сүүлнээс
Таанын үнэр нэрмэл жүнзнээс исэлдэнэ
Зүгийн баруунаа зүсрэх борооноос
Зүрхний гүнээс миний хүлээлт шүү
Мөнх бус, чанар хоосон бүхнээс
Мөдхөн буцахаас урьтаж мэдэр ээ

7/4/09

Гэрлэн зурагт шунагч


Гуниг баярын явдал хэмжүүр
Гурван цагийн зангилаа эмжээр
Энгүүн өчүүхэн орчин юмс
Элдэв зүйл миний садан

Ахиу төрх, агшин төдийг
Гэрлэн дардсаар мөнхрөөн хэтийнэ
Агаар орон, зохироо бүгдийг
Тод, бүгээн өнгөөр баралмуй би

Наран сарны авир төрхөөр
Намар өвлийн амь мөнхөөр
Одоо цаг дор мөргөн баясан
Орших үгүй нь миний эз

Үзэх гэгээн, саруул орчин нь
Үнэр, эгшиг, шад мөр мэтээр
Үйлээр тохиосон энэ агшнаа
Үлдээж хоцроохуйд бүрэн шунана би


6/29/09

Үгээгүй газрын нэгээхэн жам нь
Үзэгний толгойд бөнжигнөх дусал бэх
Үзэх бодохын нэгээхэн багш нь
Үүлсийн мөн чанар авир төрх

6/23/09

Хүслээс илүү нь
Хүний чанар
Могойг залгиж
Модыг мэр.

Гашуун үг нь
Гадаах цасных
Хэлээ хазаж
Хэтээ хай

Нас ганц ч
Навч хайран
Сэрүүн шөнө ч
Сэтгэл дулаан.

6/14/09

Саваагүй бодлууд
Шувуудын жиргээ
Сайхан орой.

Энгэр цээжинд модон торх
Энд байгаа бас
Байхгүй чи.

Би бол хэрэгцээ
Ширхэг янжуураас дор
Битгий
намайг тоо.

6/5/09

Энэ аялал
Дөчин есөн шөнийн зүүд
Эргэж урсахгүй
Хорин нэгэн өдрийн нулимс
Дараагийн зогсоол
Зүүдний мухарт
Далавчтай жижиг
Зөгийн өмсгөл
Шинэ тайзан дээр
Чиний хажууханд
Ерэн хоног
Ширүүн борооноор
Нийтийн унаанд
Хаа нэг тийшээ...
Тэр мөчид
Чи намайг огт танихгүй
Тийм л богинохон шүү
Хэрвээ хүсвээс
Хаанаас ч өөрийгөө тольдож болом
Хэврэгхэн нэгэн толин хорвоо

5/29/09

Өөрийн хөрөг бүхий хавтастай зарим
Өврийн ном, найраг түүврийн эзэд
Заавал яруу шүлэг бичих ёстой хэмээн
Зааварлаж суухад нь миний ухаан хүрэхгүй

5/28/09

Энэ гариг дээр
Бидний орших
Эцсийн хэлбэр
Солгой хоолой
Гунигт дуун
Согтуу жолооч
Нийтийн унаа
Шонгийн гэрэл
Дэнгийн эрвээхэй
Хайрцаг шүдэнз
Харанхуй гудамж

5/27/09

Lemons - Хайртай


Надад хайргүй чинь үнэн үү
Намайг бодсондоо хуурсан тийм үү
Найдаж хүлээх хэрэггүй гэлүү
Найз нь ойлгохгүй явж тийм үү
Надаар чи дутаж үзсэн үү
Надтай учирсандаа харамссан тийм үү
Нартад хоёулаа бүтэхгүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү
Дахилт:
Уучлалт гуйх хэрэггүй ээ чи минь
Ухаалаг чамд минь буруу байхгүй ээ
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхиё
Жүжиглэж байсан чинь үнэн үү
Жиргэж нисэхийг хүссэн тийм үү
Жирийн найзууд явья гэл үү
Жирийн санагдсан би тийм үү
Надтай чи жаргаж үзсэн үү
Намайг өрөвдсөндөө уйлсан тийм үү
Нартад хоёулаа бүтэхгүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү

5/23/09

Үнэргүй бороо зүсэрч
Үггүй шүлэг исэлдэв
Хамаг зүйл
Одоо цаг дээр
Орон зай
Оддыг гэрэл
Хамаг зүйл
Одоо цаг дээр
Ус дуслах чимээ
Уул ургах үзэгдэл
Улаан цусны өнгө
Хамаг зүйл
Одоо цаг дээр
Ухаан санаанд минь
Оргүй хоосон

5/16/09

Андууд

Хар багын найзууд минь борцтой цай шиг үгүйлэгдэж
Хаврын өдөр, эхнэрүүдийнхээ цаанаас холбогдох боломжгүй.
Сарыг үүрч, насаа чирэн гэлдрэх энэ үзэгдэлд
Сайн нөхдийгөө бурханд тооцмуй би.

5/15/09

Зэвтэй хадаасыг хуучин банзнаас сугалах шиг
Зэврүүн хөндий чахарсан хоолойтой
Тахир царил шиг яхир туранхай намайг
Таньж байна уу? Эрлэг минь!
Хашааны ёроолоор ургах өмхий шарилж шиг
Хаачихаа мэдэхгүй өрвөгөр үстэй
Хадуурын зэвэрсэн толгой намайг
Харж байна уу? Эрлэг минь!
Алдсан зүйлээ олсон хүнийх шиг
Аяганаасаа унах гэж байгаа нүдтэй
Тасралгүй хий эргэх хөсөр луужин намайг
Таньж байна уу? Эрлэг минь!
Хайлж дуслаад урсах гэж байгаа
Хаврын мөс шиг унжуу хамартай
Хуучин байшингийн борооны зайлуур намайг
Харж байна уу? Эрлэг минь! Би энд байна.

5/9/09

:::Нэгэн зүүд:::
Би хаа нэгтээ эхээс төрсөн чигээрээ алхаад л байна, алхаад л байна. Улмаар цагаан хэрэглэл бүхий орон дээр ирж сууна. Орны ирмэг дээр хэдэн ширхэг үс харагдаж байна. Тэгтэл тэр үснүүд амь орж тус бүрдээ могой мэт, хялгасан өт мэт эвхэрч хөдөлж эхлэх нь тэр. Түүгээр ч зогсохгүй тэдгээр үснүүд над уруу дайрч бүгдээрээ миний арьсны нүхээр сурган орцгооно. Энэ үед аймшигтай мэдрэмж төрж хамаг бие арзганан, хаа сайгүй мурилзан эвхрэх үснүүдийг арьсан завсраас цухуйн хөдлөхийг мэдэрч, харж байлаа.
Нэг нэгээр нь сугалаад дуусахгүй гэдгийг ойлгоод хэн нэгнээс гал нэхэн хамаг чадлаараа орилно...

Энэ байдал түр намжив...

..Хэсэг тайван байсны дараа би ямар нэгэн үсчний газар ирчихсэн нүцгэн зогсож байх юм. Үсчний сандал доор хөглөрсөн их үс бүгдээрээ миний арьсанд шигдэн орж би яг л сармагчин шиг амьтан болж өөр дээрээ бензин асгаж, хамаг чадлаараа орилж, дэвхэрч байлаа...

Тэр үснүүд тус бүрдээ өөрийн гэсэн бодолтой, ямар нэгэн зорилго агуулсан, сэтгэх чадвартай амьд биет гэсэн мэдрэмж төрж байлаа.
2009,05,02

Шунхгүй өнгөгүй хорвоогийн жүжиг нь
Шуналгүй хүсэлгүй хоосон мэдрэмжүүд
Цөм бүгдээр утгаа гээхүйд
Цөхөрсөн миний инээд нэр төдий

5/7/09





Санамсаргүй явж байгаад хүйтэн пиво залгилах шиг
Сайхан мэдрэмжийн Нирванагаас амаслаа
Саваагүй жаалын тэнэглэлээс үнэтэй
Сайхан санаа харван үүдлээ надад

Энэ амьдралд гайхалтай сайхан зүйл их байна. Бишрээд барахгүй төгөлдөр мэдрэмжүүдээр дүүрэн юм. Ямар нэгэн догдлол, ямар нэгэн даган дуурайлт алга, зүгээр л ойлгож эхлэх гээд байна. Явах нь явж ирэх нь ирэг.

4/12/09

Үүлсийн доор шунах амьдрал
Үхлийн зүг шулуун аялал
Газрын дээр хайрлах сэтгэл
Гашуун үнэний хэврэг дусал
Нарны өмнөх мэдцийн хүрээ
Насны туршид чиний өмч
Сарны цаана харууслын үнэр
Санааны өнгөнд хуурмаг чимээ

4/9/09

Цагаан уул цэцэг шөнөөр эгшиглэж
Царцааны анир салхинд найгаж
Өөрийн гэх гэрэлгүй саран бүсгүй
Өрөөлийн гэгээг цэцгэс дээр зурмуй.
Сарны урласан цэцгэн шүлэг
Саруул үнэрээ зүрхэнд соёлхуйд
Хүн бие минь үүрэн бутарч
Хүсэх, бодох бүхэн өвсөнд шингэх шиг.
delete

4/6/09

Хавар орой, гуталчны овоохойд суугаа
Халамцуу гурван эрийн нэг нь өвөө болсон гэнэ.
Сар, нарны гэрлийг нуруундаа дүүрч
Сайн муугийн дэнсийг нүүрэндээ сийлж
Сажлан орших нь мөнх бус, бодит бус

4/4/09

Т. Содномнамжил:
-- Амирлан оршихуй --
Орчлонг би улам тод мэдэрнэ
Орон зай цаг хугацаанаас гэтлэнэ
Таамаг төдий үнэнээр сэтгэлээ дулаацуулавч
Тамын гал тэртээд сүүмэлзэнэ.
Амьсгалаа би буйгаар ажиглана
Амирлангуйн гүн рүү хөлөг дөтөлнө
Нинж сэтгэлийн эрхэнд хураагдах бүр
Нисваанис хэрхэн гадагшлах нь мэдрэгдэнэ
Үзэгдлийн мөн чанар өнгөө гээнэм
Үлэмж үзэхүйн агшныг цаламдана
Үйл үрийн гинжин хэлхээг тасалсаар
Үргэлжид хураасан нүглийн хүч барагдана
Аяндаа үүсэх, алга болохыг ойлгоно
Амьдрал эргүүлэг гольдролоос нь зугтана
Тэгш оршихуй, мөнх бусын ухаарал
Тэнгэрлэг язгуурын үндсийг чийглэнэ
Буй биеэр долгионы урсгал хөвөрнө
Бусдаас тусдаа бишээ ухаарна
Яг л тэр агшинд гэрэл туяа түгэн цацарч
Ямагт амгалан бодь навчис гэрэлтэнэ

3/27/09

Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх шиг ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ, тас бөөрөн толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө
Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан
Харанхуйн чанад чиний зүг алсрах ирж буй цаг
/Д.Нямсүрэн/

3/25/09

Хүн амьтны ирээдүй ба одоо цагийн тухай Богд гэгээний сануулга гэрээслэл.
Бурханч лам Г. Пүрэвбат багш бидэнд уламжлуулан сэргээж буй буянтай ажлын тухай.
http://share.gogo.mn/25285651237842435

Ар халх нар минь ээ
Та нарын тамхины утаа
Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна уу
Уусан архи чинь мөрөн далай мэд болоод
Гэтэлгэж болохгүй байна уу

3/20/09

Урьд шөнөжин тасартал уугаад, гаргаад
Ухаан санаа минь шартчихсан, хоосон
Холдож ойртох мэдрэмжүүд минь даарч бээрээд
Хаврын салхинд онгорхой орхисон хаалга шиг савлана.
Навчаа хийсгэж дууссан моддоос өөр
Миний гэх юм байхгүй болсон ч
Нартай наргүй амьдарч болмоор энд
Хар шилнийхээ цаанаас бусдыг ажиглаад
Бээрсэн шувуудтай хамт хотоор алхаж, зорчин яваад
Мөчир тоолж, навч сөхөж явсан өдрүүдээ бодох нь
Мөн ч гэнэн согтуу, солиотой, гайхалтай галзуу сайхан.
Эзгүйрч хоосрох эрх чөлөөний үнэр нь таалагдаж
Ийм л энгийн сайхан, дарсны хундага шиг шинэхэн
Харуусахгүй, харамлахгүй дахин төрсөн мэт
Халтар, хөлстэй малгайгаа үнэртээд нарны өөдөөс
Дээвэр дээр суугаад зуу татмаар
Ганцаараа

3/19/09

Шаналсан тэнгэрийн элч

Хүн төрөлхтний шинэхэн улаан цус
Тэнгэрийн элчийн цагаан далавчин дээр дусахад
Аньсан шарх нь
Ахин сэдэрлээ
Тэнгэрийн элч тэр өнгийг харалгүй
Далавчаа дэвнэ
Тэнд улаан толбо бүүдийнэ
Хөх тэнгэрийн элчийн санаанд ч ороогүй газар
Хүн амьдарсаар
Хүсэл тэмүүлэлт элчийн мөргөлийн цагаар
Халин оддог юм бид
Мод нов ногооноор хучуулж
Далай цэв цэнхэрт уусдаг юм
---Шүнтаро Таникава----

3/17/09

Гилийн тамга шиг нүдтэй миний эмээ
Гэнэт гэнэн шөнө зүүдээр минь шагайж
"Амьдрал богино байх нь үнэтэй" гэж
Амаа нээлгүйгээр надад хэллээ
Миний энэ хүний бие
Зогсоол амьдралын морин тэргээр
Зорчин явагч, эрхэм сонсогч.
Миний энэ хүний бие
Оргүй хоосонд ээнэгшин дасчхаад
Орхиж чадахгүй зүрхээ ухагч.
Миний энэ хүний бие
Сарны гэрэл шиг хуурмаг зүйлээс
Сармисны үнэр шиг жийрхэн холдогч.
Миний энэ хүний бие
Тулааны дараах шархны боолтоор
Туслах дүрийг орлуулан тоглогч
Миний энэ хүний бие
Хэвтрийн хотод л байж болох
Хэрэггүй зүйлсийг эндээс хайгч.
Миний энэ хүний бие
Цаасан малгайгаар гангарч
Хөөсөн чихрээр дайлагч

3/16/09

Амьдрал заримдаа
Хогийн саванд лааз шидээд
Хорхог идэж, архи уух...
Согтуурал дутагдан зүрхээ мэрж суухад
Сонгино арилгах таатай санагдав
Мартагнал чамд сөгдөе
Маргааш намайг ч бас залиг даа чи...
Шумуулхан минь сордоо сор
Шулуухан хэлхэд би ч "шумуул"...

3/14/09

Хаврын энэ л өдөр
Хамаг бүхнээ мартаад
Хаа нэгтээ зугтан одох юмсан

3/13/09

Төөрөгдөл чиний ордонд
Төрсөн бие минь хаан суулаа
Мухардал чиний гадаа
Мунхаг миний үс цайна

3/11/09

Эцэг нь үхэж, хүү үхэж,

Ач үхэх өдрүүдийг

Энэ амьдралын жаргал хэмээнэ


Хусны өнгө

Мөсний гялбаа

Чиний царай

Мянган жилийн дараа

Миний зүүд атга будаа болоход

Манант хорвоогийн худал нь

Үнэнээс үнэтэйг ойлгоно гэж үү

3/8/09

Ямар байна энэ шөнө

Яг одоо гарлаа би

Хар талх эсвэл шар айраг

Хамгийн түрүүнд тааралдсан нь минийх болог

Амьддаа үхэж чадвал

Үхлээр амьдарч болмоор


3/5/09

Зарим зүүд амьдралаас бодитой
Зарим зүүд бодитоос аймшигтай
Зарим зүүд аймшигтайгаас үнэн
Оргүй юмс л төгс байж болох 
Одоо цаг ч бодит байж чадахгүй
Орчлон ертөнц нь хуурмаг байж болох
Ийм үнэнийг үнэн хэмээж чадах уу би

3/1/09

Нуурын цүнхээлтэй
Сарны гэрэлтэй
Нулимс минь л
Миний өмч
Навч унах
Цаг цохилох чимээ
Надад нэг өнгөөр сонсогдоно
Байхгүй үнэний төлөө
Байхгүй худлыг үрэх нь
Байж болох үнэн мэт
Голын цаадах ногооны талбайд
Ганцаар өнждөг тэртээх өдрүүд минь
Гаргаж хэлэмгүй шүлгийн мөрүүд шиг

2/21/09

Хулсан лимбээр гэгээн аялгуу эгшиглэх үдшээр
Хуримын даашинзтай сүмийн шувуу уйлах нь
Шөнийн бороонд цонхоор өнгийх дэнлүүний гэрэлд
Шүлгийн мөрүүд хацар дээгүүр гялбан урсах шиг

2/15/09

Сарны гэрэлд шоронгийн дуулал
Хаа нэгтээ харгалзагчийн тухай шивнээн
Ороо нохдын гүйдэл шиг л
Халамцуу тэдний янжуурын цог
Нуран унасан итгэл минь
Өвлийн жавартай шөнийн цонх
Үнэнээр дүүргэсэн бакалтай хүйтэн ус
Түлхэж унагах, орхиж нисэх
Түр азнах, харзнах хэ хэ
Урвалт шарвалт, учирлал ятгалга
Өчүүхэн бодлын эхүүн үнэртэй
Өрөвдөм бардам утсан хүүхэлдэй чамд
Толгой гудайн мэхийе
Тоглосон жүжиг чинь төгс байлаа

1/10/09

Чимээгүй хотын утаан дунд инээмсэглэл ч тааралдахгүй
Чийдэнгийн шар гэрэлд гараа эгээд ч дулаацахгүй
Золбин нохдын ороо шиг энэ өвөл дуусвал
Зоргоор хөвөх үүлсийг харж сэргэх юмсан.
Нам үелзэл мянган жилээр урсана
Нар сарны эргэлт галзуурмаар удаан хөвөрнө
Нас үсэнд минь цус дутагдан сульдаж
Надад тэсрэлт зүүдлэгдсээр л ...