12/2/12


Хазааргүй "тэнэглэл"
Хаа хүрч болохоо нотлох гэсэн 
Хагархай балархай түүхийн
Хагацал нулимстай жимээс...
Харьж ирээгүй аавууд бол
Хальж одсон төлөөс юм /гурван цэг/
...Уйлах нь инээд мэт өдрүүдийг
Улаан тэнгэртэй жилүүд хэмээнэ... /гурван цэг/

10/5/12



тэнгэр зүглэн алхах
тэр хүний сүүдэр 
элсээр мөлхөнө...

10/4/12

ургах ч үгүй 
хагдрах ч үгүй
утасны шон зогссоор л...

10/3/12

хоймор эзгүйрсэн хавар
аавын аягатай будаатай шөлнөөс
амьдрал амтагдана...

---------------------

Харанхуйн гэгээ


10/1/12

усны тэрэгтэй жаал
худаг дээр жиндсэн 
аравдугаар сар.

зүүднээс шивнэх үг
зүрхээр сийгэх
Өглөө

9/24/12




ширхэг өд
саарал тэнгэрт 
навч адил хийсэв
шөнийн жаргал
шаргал өглөө
намрын навчтай...

9/17/12

Гэрэл, шүхэр холхих
Есдүгээр сар
Яасан эзгүй...

9/15/12

falling snow
on my shoulders, is my property
until melting 
Тогтоол уснаа хөвөх
Шаргал навчинд
Толгой мэхийн ёслоё...
Бурхны аягалсан нь
Бусдын нүдэнд 
Миний нэрсэн дарс...
Хором мөчийг хэмжих
Гурван гэрлийн эрхшээлд
Хот даяар мөлхөнө

8/17/12


Хөлийг минь үнсэн бөхөлцөх
Хөөсрөх далай чи 
Гуниг шивнэв үү... 

-

Цагийн эрчилээнд хуйлрах
Дотор хүн минь
Миний эрхшээлд үл хувирах 

-

Сарыг хага цохиж
Үүлийг шатаамаар
Саваагүй хүсэл минь...мөнх. 

-

Далавчаа хумиад
Ганцаардлаа сөгнөн суух
Даан ч сайхан.. 

-

Хүмүүсийн дунд ганцаардхуй
Хүйтэн чулуу л 
Гунигыг минь хуваалцах юм. 

8/10/12

Цэцэг дэлбээлэх шиг
Жижигхэн хувцас
Би шуналт ЗӨГИЙ 

Үл мэдэх шалтгаанаар уйлаад
Үүл болон хөвөхсөн
Тэнгэрт...


Дуулж чадахгүй байх энүүхэн
Уйлж чадахгүй хүмүүсийн өмнөөс харамсана


Дүрэлгэр сарны гэгээнд
Дүрэлзэх бидний
Дүрэлцэх биес сульдана
Дусал мэдрэмж
Дурлал минь
Нүгэл биш
Ертөнцийн тайзнаа 
Нар мандаж шувууд жиргэх нь
Найрал хөгжим мэт

8/7/12

Өвсны толгой бөхөлзөх их талын гүнд
Өвгөн худаг бясалган суухуй
Тэнэмэл шувуухай түүнийг шалгаана.
Асуултаар төгөссөн гурван өгүүлбэр...
Ханын цагны цохилох чимээ
Мянган жил мэт...
Бор дарстай зуны шөнө
Бодлогошрон хөвөх тэргэл саран доор
Богино шүлэг сүлжин суух юутай аятай...

7/22/12


Дуу ч үл гарам
Дүлийрсэн халуунд
Ялаанд дарлуулан суунам...




Хөшиг эмжин урсах сарны туяанд 
Хөл орооцолдон, уруул төөрөх 
Зуны шөнө...




Эрвээхэй мэт
Шүлгийн санаа
Нисчихлээ...


Навчис мэгшиж
Нар ганцаардсан
Намар удахгүй ирнэ..

Аагим зунаар
Хүйтэн горхи мэт
Анхил охид
Зөрөн өнгөрнө...

6/30/12

Ус туучин гүйж өнгөрөхөд минь
Уйтгартайхан харсаар хоцорсон
Балчир нас минь байж л байгаа даа тэндээ
Маахуур толгойн энгэрт
Миний тоглож байсан чулуу
Сүмийн шат болжээ...
Оносон ганц үг соёолхуй
Оргүй хоосноос цэцэг дэлбээлэх мэт
Олзуурхан баясмой.
Төрийн сонголтоо хийх гэж
Төгөссөн сургууль дээрээ очив
Яасан жижигхэн, яасан сайхан...
Бурхант хөшөөний тойронд
Балчир жаалууд тоглохуй 
Буддагийн инээмсэглэл нүд гялбуулам...
Хамгаас эрт ажил дээрээ очтол
Хажуудах цэцэн минь дэлбээгээ нээчихжээ
Хандаж гайхуулах хэн ч байсангүй...
Ягаан тэнгэртэй саарал хотод
Ганц хэрээ
Яндангуудын эзэрхийлэл дунд төөрчээ...
Гашуун үгс хуралдав
Бороо шивэрлээ
Би цувгүй алхана...
Таван сар намар мэт
Тасран унах навч
Тэнгэрт хийсчихлээ...

6/21/12

Даржин эрийн
Далан дээр хаялах цас 
Түүний өмч
Олны дунд орох тусам ганцаардана...
Орчлон нилдээ захгүй уудам далай мэт...



Ганцаардал бол барих барьцгүй атал байж болох хамгийн бодит оршихуй...Гуниг бол мэдлэг мэдрэмжийн торгон огтлол юм...Бид дандаа л ямар нэгэн найранд дээр суугаа мэт хөөрлөөр амьдрах юм бол мөнхөд согтуу явна...Бусдад анзаарагдах хэрэггүй, бусдыг анзаар...Үр дүнг битгий хүлээ...Өөрийнхөө дотор юу ч битгий үлдээ, дөнгөж мэндэлсэн хүүхэд мэт бол...зарим хүнд мунхаг хүн мэт санагдсан ч бүү тоо...Сэтгэл зүрхээ далай мэт төсөөллөөр дүүрэг...Эцэст нь өөрийгөө ертөнцийн төв биш гэдгийг гүнээ ухаар...

6/18/12

Тэндээс би шүлгээр уйлахад
Энд бороо орох болов уу
Тэнгэрт надад үзэг, дэвтэр олдох болов уу
Бүх зүйлийн төлөө 
Нэг сайхан санаа алдаад
Бүдэг сарны зүг нисэн одох юмсан
Хуралдсан гуниг минь
Үг болон шиврээд л байна.
Хуучин шүхэр минь чи хаана байна даа...
Тэр зүйл хэзээ ирэх бол
Тэгээд биднийг хаашаа авч одох бол...
Амжиж би ээжийгээ жаргаах юмсан...

6/17/12


Бид хаана ирчхэв дээ
Битгий барьж идээч нэгнийгээ
Өнгө, мөнгөний нас хэдийхэн...

ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР

Uujim zvvd
Энэ сайхан аялгууг сонсоод төрсөн мэдрэмжээ шүлэг болгон буулгав: 
Одоогоор "ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР" гээд нэрэлчихвэл...


Олуулаа эсвэл цөөхүүлээ гээд ч яах вэ
Огторгуйн зайд өнчин дэлхий минь ганцхан шүү
Тэнхлүүн эсвэл ядмагхан явсан ч яах вэ
Тэнгэрийн доорх тавилан минь хэдийхэн билээ
Нэртэй төртэй эсвэл нэргүй сүргүй явсан даа ч яахав
Нэг л наран доор бид амьдрах хувьтай
Маргаашийн тухайн төсөөлөн бодоорой
Мандах наран гэрэлтэхийг ажаарай

Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах эрхтэй

Зам мөр чинь буруу байсан ч
Заяа төөрөг чинь зөв байх болно
Ажилгүй мөнгөгүй ч амьд байгаа л бол
Амьдралд олон сонголт байдгийг хараарай
Цөм биесээ хүндлэн хайрлавал
Цөөхөн гэлтгүй сайхан болоход итгээрэй
Алуурчин хэдий ч түүнийг хайрлах ээжий нь бий
Адгийн тонуулчин хэдий ч түүнд хайлах үр нь бий

Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах эрхтэй

Нартай бороонд норон норон гүйгээрэй
Найз нөхөрлөлөө мөнгөөр бүү солиорой
Сартай шөнөөр өөрийгөө цэгнэн суугаарай
Салхины сэвэлзээнээс өрөөлийг нөмөрлөөрэй
Танихгүй хүний өмнөөс тусаа бүү харамлаарай
Талын салхинд гараа дэлгэн инээмсэглээрэй
Дахин ирэхгүй үүлсийн цувааг удаан ажаарай
Дандаа инээж бус, заримдаа мэгшин уйлаарай

Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах эрхтэй

Солгой хоолойтой ч хамаагүй ээ инээмсэглэн дуулаарай
Сонсохгүй байсан даа ч хамаагүй хайртай гэдгээ хэлээрэй
Үлдэх мөрөө хичээн бодоорой
Үлдээсэн түүхээ эргэн санаарай
Мохмоор санагдаж ганцаардах үедээ
Монгол гэдгээ битгий мартаарай
Хамаг түмнээрээ хайрлах сэтгэлээ өндөрт өргөвөл
Хааны удмаа сэргээх болно оо

Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлах зүрхтэй
Хөх тэнгэрийн доор
Хүн бүхэн хайрлуулах эрхтэй

6/14/12

Энд бичсэн шүлгүүд минь
Эзнээ хүлээсэн адуу шиг
Эргээд уншхад санаа алдмаар....
Маргааш бүгд эндээс нисэн одно
Манаач өвөө, гэрлийн шон бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй...
Утсан дээрээ 
Тэрлэсэн мөрүүд минь
Устчихаж
Мартчихаж
Минийх биш л байж...
Тэнгэрт одсон ламтны 
Тэрлэсэн бадаг мөртүүд
Цагийн сударт мартагдсан
Цагаан уул цэцэг адил...
Хөлөө зөөж ядан алхах
Хөгшин яст мэлхий гунигтайгаар:
“Урт наслах ч уйтгар шүү” гэж хэлээд
Нууцлаг ганцаардлын судраа 
Нуруундаа үүрээд одов.
Шулганах нь шувууд адил 
чиш...чимээгүй 
тэднийг үргээчихнэ
Намар орой гуталчны овоохойд 
Найрлан суугаа гурван эрийн нэг нь
Өвөө болсон гэнээ...
Зүрхний урсгал хэлхээнээс
Сул асгарсан нулимс минь
Сувдан сондор буюу..

5/30/12

Үг холбон суух минь
Үсэнд минь харвах ширхэг од
Үхлээс өрсөж нэг сайхан санаа алдалт...Өөр юу ч биш

5/21/12

Авсны таг мэт хөнжил доор
Санаа алдхаас өөр хүчгүй
Үүр цайхыг хүлээнэ

5/7/12

Цардмал зам дээр хэн гуайн хаясан шүлсэн дунд
Цангаж ядарсан ялаа, шумуул умбан тоглох шиг 
Гэрэлт ирээдүйн тухай гэнэн сайхан мөрөөдөлтэй
Гэнэт баяжсан ард түмэн минь мандтугай!

5/3/12


Үл зогсох цаг хугацаа бид хоёр
Үхэл тийш хөөцөлдөн тоглоно
Үнэхээр зугаатай шүү энэ тоглоом...

Тэнгэрт байгаа хүн намайг зүүдлэхэд
Газарт нар мандаж өглөө болоод
Шүдээ угааж, үсээ самнаж
Шүлэг бичиж, зураг зурна...тэр хэзээ сэрэх бол

5/1/12

Мөчир нахиалах өдрүүдэд
Домчийн үүдийг сахин 
Эмчийн харцыг горьдоно.
Маргааш би өвс 
Нөгөөдөр чи бороо
Магадгүй бид солонго.
Үүл мэт гомдолтой
Хуралдсан тунирхал
Гэнэт асгарчихлаа...шүхэргүй би

4/23/12


Улс төрчдийн шалиг жүжиг
Улиг болсон хямдхан яриа
Уралцан идэлцэх хүн сүрэг
Удаан амьдрахгүй л юмсан энд
Цонх мөргөн инээлдэх
Цасны сүүлчийн бүжиг

Гараад ирээ, нисээд ир хэмээнэ


Эртлэн ирээд ажлын цонхоор будрах цасыг харан суухад:
Үй олон цасны бяцхан гарууд намайг даллан дуудах мэт, цонх мөргөн хөхрөлдөн инээлдэх мэт...
Даллан дуудах
Сая сая бяцхан гар
Нисээд ирээ 
Гараад ирээ хэмээнэ... 
Төдөлгүй цонх бид хоёр хөтлөлцөн зах хязгааргүй түг түмэн цастай хамт түгжрэн багшрах хотын дээр бүжиглэх шиг.
Гэхдээ энэ бүхэн тэдгээр цасны сүүлчийн бүжиг. Хэн ч үл анзаарах далд гунигтай гэнэн инээмсэглэлүүд тэнгэрээр нэлэнхүй болжээ...
Цонх бид хоёр хөтлөлцөн ниснэ
Цас, цонх хоёр хөтлөлцөн эргэнэ
Цас, хавар хоёр хөтлөлцөн бүжнэ
Цонх инээнэ
Цас инээнэ
Хавар инээнэ....
Тэнгэрт төрсөн тэдний үхлийн бүжиг гоо сайхны оргилд хүрээд хэн нэгний цув, хацар, шүхэр, малгай, машины цонх, цардмал зам дээр ихэмсгээр мөхнө...
Улиг болсон хямдхан ярианаас залхаад цас мэт эхэмсэг үхэх битүүхэн хүсэл...

4/17/12

Гавал тарихаа улайстал ажилласны дараа
Ганц нэг шүлгийн мөрүүд гүйлгэн унших минь
Чадал хүчээ шавхан шавхан цөлөөр алхаж ирээд
Час хийсэн мөстэй, хүйтэн колаг залгилах шиг...

Үүлс газарт бууж өнгө өнгөөр солонгорон гэрэлтэхэд хүн амьтан амьсгалж үл тэвчин тал бүр гүйнэ. . .
Асар хурдан гариг ертөнц дээр шөнө болж тэнгэрт олон одод түгэв. Гайхалтай том, тод, олон өнгө өнгийн од, гүнээс гүн бүр байж боломгүй гил хар тэнгэрт гялтганах оддыг хараад мэл гайхав. Сохор хүн хараа орох мэт, эсвэл цонхны шилээ удаан арчилгүй байж байгаад арчих мэт ТУНАРСАН ШӨНИЙН ТЭНГЭР намайг эзэмдэн татна.  
2012,04,17

4/9/12


  • Харь гаригаас ирсэн мэт
    Гайхан зогсов
    Харих юмсан ТЭН-д ГЭР-тээ

3/28/12


Хэзээ тэр моддоос
Навч үнэртэх бол...
Хэн түрүүлж
Бороо...гэж дуу алдах бол...

3/20/12


Хөр цасан ханзарлаа
Хөлдүү сэтгэлт анд минь
Хүрч ирэх болов уу...

3/15/12

Далавчтай жижиг харандаанууд
Дагзан дээр минь нүд зурна....
Давстай чихэртэй өдөн санаанууд
Далан дээр минь жигүүр ургуулна... 

3/14/12

Намайг ажих цонх чинь
Нарийхан байна уу 
Нар тусахгүй хүйтэн байна уу...
Бэх асгах мэт харцаа
Битгий дусаагаач
Зүрхэнд минь

3/7/12


Тэнгэрийг тэнгэр байгаагийнх нь төлөө хайрлая
Тэртээ дээр нисэж байгаа шувуудтай хамт нь хайрлая
Моддыг модод байгаагийнх нь төлөө хайрлая
Монгол газар ургасных нь төлөө хайрлая
Өвгөдийг өвгөд байгаагийнх нь төлөө хайрлая
Өнгөрсөн түүх соёлоо хоцрогдолтой нь хайрлая
Гол мөрөн гол мөрөн байгаагийнх нь төлөө хайрлая
Гомдол цөхрөлийг нулимстай нь хайрлая
Ээжүүдийг ээж байгаагийнх нь төлөө хайрлая
Энэхэн амийг бүтээснийх нь төлөө хайрлая
Уулсыг уулс байгаагийнх нь төлөө хайрлая
Улс Монголоо ширхэг чулуутай нь хайрлая

3/4/12

Хэрсэн уулсын дунд төрсөн нутаг минийх 
Хээлсэн говийн цаана төөрсөн гүрвэл би


@@@


Эрх танхил гөлөг мэт 
Гинжин оосортой
Тэр бяцхан улаан цүнх 
Эзнээ хүлээн сандал дээр хэвтэж
Намайг ширтээд 
Эмэгтэй хүний тухай 
Эрээн хов хүүрнэв.




@@@




Тэр шат чулуун 
Тэгээд хүйтэн 
Түүгээр дамжиж ганцаардалд хүрнэ.


@@@






Ашиг тусгүй үнэний төлөө 
Алдсан хором бүхэн минь
Гантиг инээлгэх гэсэн Гашуун солиорол




@@@




Сүүдэртэйгээ хэрэлдэж 
Сарыг хага цохимоор 
Шөнө олон...


@@@




Мартагнал чамд сөгдөе 
Маргааш намайг бас залиг даа чи...


@@@






Улаан хуаран явах замд нар мандаад 
Улсын их дэлгүүрийн ард бороо дуслаад 
Алтан-Өлгийн задгайд айл нүүгээд
Ардын өмнөх түц-нээс тамхи асаагаад 
Хуучин гэмтлийн эмнэлгийн хашаанд онигоо яриад
Худалдааны гудамжинд майхан дэрвээд 
Сансрын тунелээс зүүн хойно хэрээ нисэээд
Сарны титэмийн баруун хаалгаар цэцэг дэлбээлээд 
Зурагтын хуучин эцэст модод сэрчигнээд 
Зуун айлын зам дагуу хосууд зугаалаад 
Дөрвөн зам, пөмбгөрт утаа суунаглаад 
Дөчин мянгатын аарканд хормой дэрвээд 
Багшийн дээдийн буудал дээр сайн дурынхан дуулаад
Барилгын техникумын баруун талд лонх задраад 
Нарантуулын саравчин доор наймаа хагараад
Нацагдоржын номын сангийн урд сугалаа явагдаад 
Шувуун фабрикаас солонго татаад 
Шархаднаас цаашаа тугал оодроод 
Дарь-Эхийн эцэст ноход янаглаад 
Дамбадаржаагын мухар гудамжинд сүү дэврээд
 Циркийн баруун хойно эмээ, өвөө нарлаад 
Цэцэг төв дотор шилэн тирко цоороод 
Чингэлтэйн хамар хашаанд охид чирта тоглоод
Чи бидний хүрээ нийслэл сайхан байнаа


@@@








Энэ нас тань хайран байна аа
Ээж минь ээ 
Элгээ сэмэртэл уйлахсан даа 
Эх орон минь ээ
Харууслаас хэтрэхгүй дээ 
Хайрлах мэдрэмж ээ 
Хамаг олноороо сэрэхгүйн дээ 
Хар дарсан зүүд ээ
Алслан холдоод олдохгүйн дээ
Аав минь ээ 
Алдсан оноо дуусахгүйн дээ 
Амьдрал минь ээ 
Эхэр татан уйлахсан даа 
Эр зүрх минь ээ 
Эргэж төрмөөргүй байна даа
Эрээн хорвоо минь ээ


@@@


Бүгдийг хайрлаж үхээд
Бүлээн борооны үүл болохсон 
Бүрхэг тэнгэрт мөнх одоод
Бүрэнхий шөнөөр сэмжирч хөвөхсөн 
Сайхан хайрлаж үхээд
Саваагүй гэнэн үүл болохсон 
Санах мэдрэмжээ үүрд гээгээд
Сартай нийлээд шөнөжин хүүрнэхсэн




Цусны үнэр хамар цоргиж
Цугласан олон хамгаар доргиж 
Хагарсан шил наранд гялбаж 
Хамаг олон уурсан турхирна 
Шудрага ёсны төлөө асаж буй гал 
Шувуудын далавчинд улмаа дүрэлзэнэ


@@@
Эхийнхээ хэвлийд
Үлдээсэн 
Эрх чөлөөг 
Гашуун гуниглал 
Ганцаардлаар 
Гэрэлтүүлснээ
Хадгалж чадвал
 Хамаг цагийн эзэн


@@@
Одогч хийгээд ирэгч бүхний зам мөр
Оргүй хоосон хязгаарын эхлэл хаалга
Үүл та хийсвэрлэл ба хэлбэржилтийн дээд
Үзэмж төгс таны араншинд сөгдөн мөргөе.
Зөнч мэргэн таны өнгө, ая эгшигт сүрдэнэ
Зөөлөн хатуугын ухаарлыг танаас хүртэнэ
Одот тэнгэрийн мутар гэдэгт итгэнэ 
Орчлон хорвоог та л урлан бүтээнэ. 
Ганцаардалтай хамт дүнсийх таны нулмис 
Гар дээр унах болор нүдээр таныг ухаарна 
Үнэний эрэлд хатсан энэ амьрал дуусхад 
Үхсэн миний сүнсийг шингээн таалаарай.


@@@
Нийт олноор нь мэдээлэх сувгуудаар 
Нэр нь тодроогүй дайчид илрээд 
Маргааш нарыг чинь мандуулна гээд
Матарын нулмисаар бороо шаагина


@@@


Номхон хүлцэнгүй явсаар залхаж байна 
Нойрмог мэт байдал залигаад байна
Бусдад тал засаж баг өмсөх утга алга 
Буруу, зөв гэж өөртэйгөө хэрэлдсээр удлаа 
Хэн нэгэн шөнийн мануухайд хутга шааж 
Хэрэг зорилгогүй цонх хагалмаар 
Замын машин хулгайлж унаад 
Задгай талаар тоос татуулан давхиж одохсон 
Хар тамхи судсаараа зугаалуулж 
Халуун гал дундуур орилоод гармаар
Гэмгүй нэгний хамрыг сөхөж орихоод 
Гэгээ орход хавчал дээрээс нисэж үхэхсэн


@@@




Анир үгүй үүрийн гэгээнээр 
Алсын уулс хөхөмдөг манантай 
Хаа нэгтээ шувуудын жиргээ 
Халуун өдөр болхыг зөгнөх шиг 
Утаат онгоц нарыг илчлээд 
Уудам мандалд сумбан одохуй 
Ухаа толгод сунайх адил 
Уужим хөндий улмаа цэлийнэ. 
Сүүн үүлс үнээ мэт цувраад 
Сүрэг үхэр зэлнээс холдход 
Аргалт утаа нам дор сунаад 
Айлын нүүдэл барааны газар тодроно. 
Эх нутгийн хэлбэртэй өрөм, 
Эмээгий атгаал ааруул аяганд минь
Тооноор өнгийх уулсын оройд
Тоглон наадах хурга ишиг дүүлнэ.
Сарьдаг уулсын мөнх цасанд
Сарлаг адил тас шувууд эргээд 
Тэртээ доор цэг мэт өвөө мань 
Тэнгэрт тухлах намайг дурандана. 


@@@




Мохсон сэтгэлгээт заваан шүлэг нэгийн дүлээд 
Модерн үзэгдэл гэж эндүүрэн усаа татаж цонхоор хартал 
Пост Монголын нар "Бээжин-Улаанбаатар"-аас мандаж 
Поп түмний итгэл "сонгуулийн пиар"-д хууртаж эргүүтнэ. 
Сахлаа бүтэн хусах завгүй харайлгаж харайлгаж
Санаа алдан утаат тэнгэрээ ширтүүт хиймэл бороонд нулимуулаад 
Андерграунд өдрүүдийг өмөдтэйгөө хамт мушгиж хатааж 
АнтиКарне бодлууд минь буу мөрөөдөж хуруугаа хэмлэн сууна. 
Атаархуу цаг хэрцгий авирлаж хэрэлдэж хэдэрлэхэд 
Алтернатив элийрлээс тайтгарал хайж тас тас хөхрөөд
Нойроо өөрөөсөө харамлаж тархиа маажиж маажиж 
Номон дундаас "?" тэмдэг гаргаж ирээд хоолойгоо боймилно.
Дөрвөн давхар зүүдний мухарт хэрээ гүйлдэж 
Дөчин тольны голд өөртэйгөө хэрэлдээд сэрхэд 
Үүр цайх гурван зуун жилийн дараа юм шиг 
Үрчгэр тархинаас утаа савсан халуу дүүгэж байдаг.


@@@




Би" амьдын хамааралд үерлэн урсах зомгол 
Бичиж буй үгс нь эрэг дээр бөхөлзөх ширхэг өвөсний үг 
"Би" онол дүрэмийн ханны ширхэг тоосго 
Бичиж буй үгс нь цонхон дээр мартагдсан кактусны үг


@@@


Өлмийд минь үүрэх навчыг мэдрэхүй 
Өндрөөс унах шиг огцом ядраад 
Хөдөлгөөн удааширч намагт шигдээд 
Хөрсөн гар салганан чичрүүднэ.












"Дарь-Эх"-ийн эцэс




Машин угаана
Миний дэлгүүр
Хорин дөрвөн цаг 
Хогын цэг 
Цагдаагийн эргүүл 
Цардмал зам 
Төмөр авна 
Блок зарна
Дугуй засвар 
Дурлалт хосууд 
Зоогийн газар 
Зочид буудал 
Эмийн сан 
Эрээн хашаа 
Шуудай түлээ 
Шороон шуурга 
Халуун усны газар 
Халтар жаалууд
 Согтуу эмэгтэй
 Сонгуулын хороо
Даржин амбаарууд
 "Дарь-Эх"-ийн эцэс...