3/27/09

Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх шиг ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ, тас бөөрөн толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө
Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан
Харанхуйн чанад чиний зүг алсрах ирж буй цаг
/Д.Нямсүрэн/

3/25/09

Хүн амьтны ирээдүй ба одоо цагийн тухай Богд гэгээний сануулга гэрээслэл.
Бурханч лам Г. Пүрэвбат багш бидэнд уламжлуулан сэргээж буй буянтай ажлын тухай.
http://share.gogo.mn/25285651237842435

Ар халх нар минь ээ
Та нарын тамхины утаа
Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна уу
Уусан архи чинь мөрөн далай мэд болоод
Гэтэлгэж болохгүй байна уу

3/20/09

Урьд шөнөжин тасартал уугаад, гаргаад
Ухаан санаа минь шартчихсан, хоосон
Холдож ойртох мэдрэмжүүд минь даарч бээрээд
Хаврын салхинд онгорхой орхисон хаалга шиг савлана.
Навчаа хийсгэж дууссан моддоос өөр
Миний гэх юм байхгүй болсон ч
Нартай наргүй амьдарч болмоор энд
Хар шилнийхээ цаанаас бусдыг ажиглаад
Бээрсэн шувуудтай хамт хотоор алхаж, зорчин яваад
Мөчир тоолж, навч сөхөж явсан өдрүүдээ бодох нь
Мөн ч гэнэн согтуу, солиотой, гайхалтай галзуу сайхан.
Эзгүйрч хоосрох эрх чөлөөний үнэр нь таалагдаж
Ийм л энгийн сайхан, дарсны хундага шиг шинэхэн
Харуусахгүй, харамлахгүй дахин төрсөн мэт
Халтар, хөлстэй малгайгаа үнэртээд нарны өөдөөс
Дээвэр дээр суугаад зуу татмаар
Ганцаараа

3/19/09

Шаналсан тэнгэрийн элч

Хүн төрөлхтний шинэхэн улаан цус
Тэнгэрийн элчийн цагаан далавчин дээр дусахад
Аньсан шарх нь
Ахин сэдэрлээ
Тэнгэрийн элч тэр өнгийг харалгүй
Далавчаа дэвнэ
Тэнд улаан толбо бүүдийнэ
Хөх тэнгэрийн элчийн санаанд ч ороогүй газар
Хүн амьдарсаар
Хүсэл тэмүүлэлт элчийн мөргөлийн цагаар
Халин оддог юм бид
Мод нов ногооноор хучуулж
Далай цэв цэнхэрт уусдаг юм
---Шүнтаро Таникава----

3/17/09

Гилийн тамга шиг нүдтэй миний эмээ
Гэнэт гэнэн шөнө зүүдээр минь шагайж
"Амьдрал богино байх нь үнэтэй" гэж
Амаа нээлгүйгээр надад хэллээ
Миний энэ хүний бие
Зогсоол амьдралын морин тэргээр
Зорчин явагч, эрхэм сонсогч.
Миний энэ хүний бие
Оргүй хоосонд ээнэгшин дасчхаад
Орхиж чадахгүй зүрхээ ухагч.
Миний энэ хүний бие
Сарны гэрэл шиг хуурмаг зүйлээс
Сармисны үнэр шиг жийрхэн холдогч.
Миний энэ хүний бие
Тулааны дараах шархны боолтоор
Туслах дүрийг орлуулан тоглогч
Миний энэ хүний бие
Хэвтрийн хотод л байж болох
Хэрэггүй зүйлсийг эндээс хайгч.
Миний энэ хүний бие
Цаасан малгайгаар гангарч
Хөөсөн чихрээр дайлагч

3/16/09

Амьдрал заримдаа
Хогийн саванд лааз шидээд
Хорхог идэж, архи уух...
Согтуурал дутагдан зүрхээ мэрж суухад
Сонгино арилгах таатай санагдав
Мартагнал чамд сөгдөе
Маргааш намайг ч бас залиг даа чи...
Шумуулхан минь сордоо сор
Шулуухан хэлхэд би ч "шумуул"...

3/14/09

Хаврын энэ л өдөр
Хамаг бүхнээ мартаад
Хаа нэгтээ зугтан одох юмсан

3/13/09

Төөрөгдөл чиний ордонд
Төрсөн бие минь хаан суулаа
Мухардал чиний гадаа
Мунхаг миний үс цайна

3/11/09

Эцэг нь үхэж, хүү үхэж,

Ач үхэх өдрүүдийг

Энэ амьдралын жаргал хэмээнэ


Хусны өнгө

Мөсний гялбаа

Чиний царай

Мянган жилийн дараа

Миний зүүд атга будаа болоход

Манант хорвоогийн худал нь

Үнэнээс үнэтэйг ойлгоно гэж үү

3/8/09

Ямар байна энэ шөнө

Яг одоо гарлаа би

Хар талх эсвэл шар айраг

Хамгийн түрүүнд тааралдсан нь минийх болог

Амьддаа үхэж чадвал

Үхлээр амьдарч болмоор


3/5/09

Зарим зүүд амьдралаас бодитой
Зарим зүүд бодитоос аймшигтай
Зарим зүүд аймшигтайгаас үнэн
Оргүй юмс л төгс байж болох 
Одоо цаг ч бодит байж чадахгүй
Орчлон ертөнц нь хуурмаг байж болох
Ийм үнэнийг үнэн хэмээж чадах уу би

3/1/09

Нуурын цүнхээлтэй
Сарны гэрэлтэй
Нулимс минь л
Миний өмч
Навч унах
Цаг цохилох чимээ
Надад нэг өнгөөр сонсогдоно
Байхгүй үнэний төлөө
Байхгүй худлыг үрэх нь
Байж болох үнэн мэт
Голын цаадах ногооны талбайд
Ганцаар өнждөг тэртээх өдрүүд минь
Гаргаж хэлэмгүй шүлгийн мөрүүд шиг