12/29/08

2008 он

Хүн чанарын өрөө бүдэг лаатай
Хүнсний дэлгүүр үхлийн бараатай
Сонины нүүр хэрүүлийн алимтай
Сонгуультай, галтай, сумтай өдрүүд

Төрийн амьдрал цасан шуургатай
Төв замууд ланд-ны түгжрэлтэй
Уусан, идсэн бүгдээр ойлгомжтой
Урилга, мэндчилгээ, талархалтай өдрүүд

Урлагийн тайз хулгайчийн царилтай
Ухаангүй согтуурсан балмад залуустай
Өндөрлөгүүдийн ам согтуурлын үгтэй
Өрсөлдөөнтэй, алттай, тугтай өдрүүд

Эдийн засгийн амьдрал хэвтрийн дэглэмтэй
Эмээ өвөө нар ааш муутай
Бачуурсан, уурласан галзуу нийгэмтэй
Баралгин, Димдрол, Сидуксинтэй өдрүүд баяртай.

12/11/08

Зүүдэлж байна яг одоо
Зүрх дэлсээд инээд хүрнэ
Томоос том жоом намайг
Амьдаар минь...
Тонголзоод л...
Ямар
Удаан...

Ийм сайхан шөнө сарны тухай
Дээрэмчдийн ахлагч хүртэл
Дуу зохиодог байлгүй
Ашиг тусгүй үнэний төлөө
Алдсан хором бүхэн минь
Гантиг инээлгэх гэсэн
Гашуун солиорол

12/8/08

-Цагаан эгшиг-
Чи над дээр үүрэн унах шиг
Чимээгүй цас бударна


-Шувууд-
Сүрэглэн ирэх шувууд
Сүүдрээ түүж иднэ

-Б. Пүрэвсүрэн-

12/4/08

Үүлсийн цуваа хаа нэгтээ яараад эхлэхээр
Үгээ хадгалж чадахгүй навчтай шивнэлдээд
Өвлийг нүцгэрч угтах моддыг хараад
Өөрийн хүрмээ тайлаад нөмрүүлмээр.
Нар
Найз
Намар
Намхан байшин
Надад олдсон зам
Нарийхан урт удаан амьдрал
Найгаж байгаа шаргал навчсын чимээ
Намайг тойрон урсан уйлалдах үүлсийн шивнээ

12/2/08

Өнгөрсөн ирээдүйн завсарт
Өдөр бүр өөрөөсөө сугарч

Өөр шинэ биед шургана
Цөөрөм зайрмагтахад
Цөхөрсөн түлээчний
Цөллөг мэт урт
Өвөл эхэллээ