12/29/08

2008 он

Хүн чанарын өрөө бүдэг лаатай
Хүнсний дэлгүүр үхлийн бараатай
Сонины нүүр хэрүүлийн алимтай
Сонгуультай, галтай, сумтай өдрүүд

Төрийн амьдрал цасан шуургатай
Төв замууд ланд-ны түгжрэлтэй
Уусан, идсэн бүгдээр ойлгомжтой
Урилга, мэндчилгээ, талархалтай өдрүүд

Урлагийн тайз хулгайчийн царилтай
Ухаангүй согтуурсан балмад залуустай
Өндөрлөгүүдийн ам согтуурлын үгтэй
Өрсөлдөөнтэй, алттай, тугтай өдрүүд

Эдийн засгийн амьдрал хэвтрийн дэглэмтэй
Эмээ өвөө нар ааш муутай
Бачуурсан, уурласан галзуу нийгэмтэй
Баралгин, Димдрол, Сидуксинтэй өдрүүд баяртай.

12/11/08

Зүүдэлж байна яг одоо
Зүрх дэлсээд инээд хүрнэ
Томоос том жоом намайг
Амьдаар минь...
Тонголзоод л...
Ямар
Удаан...

Ийм сайхан шөнө сарны тухай
Дээрэмчдийн ахлагч хүртэл
Дуу зохиодог байлгүй
Ашиг тусгүй үнэний төлөө
Алдсан хором бүхэн минь
Гантиг инээлгэх гэсэн
Гашуун солиорол

12/8/08

-Цагаан эгшиг-
Чи над дээр үүрэн унах шиг
Чимээгүй цас бударна


-Шувууд-
Сүрэглэн ирэх шувууд
Сүүдрээ түүж иднэ

-Б. Пүрэвсүрэн-

12/4/08

Үүлсийн цуваа хаа нэгтээ яараад эхлэхээр
Үгээ хадгалж чадахгүй навчтай шивнэлдээд
Өвлийг нүцгэрч угтах моддыг хараад
Өөрийн хүрмээ тайлаад нөмрүүлмээр.
Нар
Найз
Намар
Намхан байшин
Надад олдсон зам
Нарийхан урт удаан амьдрал
Найгаж байгаа шаргал навчсын чимээ
Намайг тойрон урсан уйлалдах үүлсийн шивнээ

12/2/08

Өнгөрсөн ирээдүйн завсарт
Өдөр бүр өөрөөсөө сугарч

Өөр шинэ биед шургана
Цөөрөм зайрмагтахад
Цөхөрсөн түлээчний
Цөллөг мэт урт
Өвөл эхэллээ

11/16/08

Гишгэж үлдээсэн мөрүүд минь
Гэлдэрч туулсан замууд минь
Энэ биеийн минь нэг хэсэг

Шаналсан хөхөөний андерграунд тоглоом дуусхад

Гэнэт нэгэн шөнө "гэртээ" одоход
Гэм бурууг минь надад аягалж өгнө.
Төөрч будлисан аяллаа дүгнүүлж
Төрдөг дээр минь "бонус"-гүйгээр нойллоно.
Шатаж үхсэн жоомны сүнсүүд намайг ээрч
Шаналсан хөхөөний мэдрэмжийг минь уудлаад
Хуруун чинээ хүн сэтгэл олоод хүйтнээр инээлдэн
Хувааж идэхээр булаацалдан одоход би ганцаардана
Огт мэдэхгүй хэлээр өөртэйгөө ярилцахаар
Ойлгомжтой мэдрэгдэж, таатай санагдхад
Оддын тэндээс миний - “мөнх орших”
"Одоо хүрээд ирээ" гэх шиг дуудна.
Төрсөн тооллоос минь намайг чиглээд
Төөлүүр, туулай хоёр тоос татуулан хөөсөөр
Баригдаж болохгүй, орхиж болохгүй тэдэнтэй
БАР-ны буланд дарс шимэн ярилцав.
Харууслаа хоолойдоо дүүжлээд
Ганцаардлаа өрдөн суухад
Гашуун амт зүрхэнд исээд
Нэрсэн дарс зовхинд амтагдана

Яаран гүйлдэх шавьжны нэг нь би
Ялзарсан хүүрэнд шигдэх өтний нэг нь би
Алхаж өнгөрсөн замуудын өмнөөс
Амжуулаагүй бүхнийхээ төлөөс
Маргааш би харамсана
Мартаж чадахгүй
Буцаж ирэхгүй энэ өдрүүдийн хойноос
Булшинд орсон хойноо ч харамсана

Хөрөө шиг хүмүүс
Хөндлөн зураас шиг хугацаанд
Бороо шиг амьдарч
Босоо шугам шиг дурсагдана

11/14/08

7 сарын 1

Долоон сарын бороо зүсэрч
Доголон нулмис хацар зүсээд
Үймсэн түмэн нусаа татаад
Үндэснийхээ баяраар шал согтуу...

Цагдаагийн хамгаалалт шиг гинжин авилага
Цатгалан хүнийг л бурханд тооцход
Шатсан "өгөөш" нь харшаар сүндэрлэж
Шантарсан тэмцэгчид хэлээ иднэ

Хойд эцэг шиг миний төр
Хориод насыг минь үрж дуусхад
Далан зургаагийн үр хүүхэд
Далайн цаанаас нутгаа голно

11/13/08

Дарь-Эхийн эцэс

Машин угаана
Миний дэлгүүр
Хорин дөрвөн цаг
Хогийн цэг
Цагдаагийн эргүүл
Цардмал зам
Төмөр авна
Блок зарна
Дугуй засвар
Дурлалт хосууд
Зоогийн газар
Зочид буудал
Эмийн сан
Эрээн хашаа
Шуудай түлээ
Шороон шуурга
Халуун усны газар
Халтар жаалууд
Согтуу эмэгтэй
Сонгуулийн хороо
Даржин амбаарууд
Дарь-Эхийн эцэс...

11/12/08

Гол мөрөнд "алтан загас"-ууд живж үхээд
Гомдсон дэлхий амиа хорлох гэж айлгаад
Ангараг дээрээс ус олж кофе найруулах санаатай
Америк түмэн хамаг хөрөнгөө сансарт үдээд завгүй

Мантууны төлөө 1,3 тэр бум хүн гүйлдсэнээс болж
Манай гариг зүүн урагшаа донхойчихоод байхад
Ху Жин Тао хуруугаа хэмлэн хазгайдуу суунгаа
Гүүгэл Ээртийг эргүүлэн шүүрс алдаад завгүй

Томдсон өмдтэй манай гараг утаан дундаасаа
Тонгочин тоглох өтний явдлыг ч даахгүй хөгшрөөд
Найтаах төдий ойчих шахсан миний эх оронд
Нар мандаад сайхан өглөө болж байна аа.
Дугаараа зарах уу?
Дулаарвал хотоос гармаар байна
Залга. Мэндээ байна!
Залхуу хүрээд байна дараа болох уу
Ха ха ха. Ажил төрөл сайн уу
Хамаг мөнгөө байранд өгсөөн :P
Хоол идвэл цуг гарна шүү хэлээрэй
Хоёулаа тэнэж хувцас үзэх үү?
Шүлгийн тэмцээнд ороод эхний шатанд үсэрчихлээ хэг хэг
Шүдний ОО, нойлын цаас аваарай гэсэн!
Таныг UniMusic-д бүртгэж байна
Таньдаг хүн байвал хэлээд өгөөрэй. Найзаа ;)
Битрикс цэг эм энэ шүү
Бид цайндаа орж байна. жижүүр дээр үлдээчих
Ядаргаа минь чи хаашаа залгаад байна аа
Ярьж дуусаагүй байхад...хн
Удаан хүлээлээ. одоо явлаа
Уучлаарай таны төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тул ...
Дөрвөн давхар зүүдний мухарт хэрээ гүйлдэж
Дөчин толины голд өөртэйгөө хэрэлдээд сэрхэд
Үүр цайх гурван зуун жилийн дараа юм шиг
Үрчгэр тархинаас утаа савсан халуу дүүгэж байдаг.

11/11/08

Шөнийн эрвээхэй чи чийглэг салхины үнэрт согтоод байна уу
Шилэн үүлсийн дээгүүр хөвөх бүтэн саранд дурлаад байна уу
Алсад сондорлох оддын замаас “тэр” намайг дуудаад буйг
Алтан гургалдай нулимсаа дуслуулан надад шивнэхийг чи сонсов уу
Тэнэмэл соноо чи мөнгөн навчин дээр сарлан хэвтээд байна уу
Тэнгэрт шүлэг зуран одогч утаат онгоцонд дурлаад байна уу
Гуниглаж сургах гэж л ийм шөнийг надад бэлэглэсэн тэр эрхэм
Гүн хөхөлбөр цагаар л “гэртээ ирээч” гээд инээмсэглэхийг чи ажив уу

11/8/08

:::Нэгэн зүүд:::

:::Зүүд:::
Дэлхий ертөнцийг өтнүүд эзэлсэн байна. Далайн усанд хүртэл хэдэн зуугаараа язганаж байлаа. Хүмүүс орох байх газраа хайн сандралдан нэгнийгээ үл хайхран ийш тийш гүйлдэнэ. Би нэг хуучин арал олоод тийшээгээ сэлж хүрэхээр шийднэ. сэрэв. 2008.12

:::Зүүд:::
Тавган дотор балгийн төдий ус байна. Харин усан дотор хумас шиг хэмжээтэй нимгэхэн хальс хөвж байна. Нэг мэдэрсэн чинь би тэр хальс мэт нэг эст амьтан болчихсон тавган дотроос хорвоог харж байх юм. 2008,12,16

:::Зүүд:::
Хэн нэгэн надад бясалгах арга зааж байх юм.

1-р арга: Үснээсээ хар ба цагаан үснүүдийг сугалж аваад цаасанд боож сандал доороо хийгээд сууна. Сандал дээрээ суугаад бясалгах хэрэгтэй. Үр дүн нь хар ба цагаан үсний хольцоос зөвхөн цагаан үс л үлдсэн байх болно.


2-р арга: Голын эрэг дээр шөнөөр сууна. Бодол хүчээрээ голын усыг хөндлөн зүсэж чадах юм бол чи өөрийгөө хүн болж төрнө гэж үзээрэй.


Би голын эрэг дээр бясалгаж эхэлтэл зүүн талд хэсэг хүүхдүүд гол дотор шумбаад л тоглоод байх юм. Би өөрийн мэдэлгүй "Эдгээр хүүхдүүдийг зайлуулаад өгөөчээ. Миний нүд сохрох гээд байна" гээд л орилоод байх юм. Тэр үед зүүн нүд бүлтрэх гэж байгаа мэт ихээр өвдөж байв сэрсэн. 2008. 11 сар

:::Зүүд:::
Оршуулгын газраар тэнэж явна

Олон шарил дунд хэсэг хар шарил байх юм. Гэтэл хэн нэгэн хажуу талаас эдгээр шарил бол чиний үе удмын шарилууд. Чи энд удаж болохгүй хэрвээ удах юм бол чамайг сэрээх сүнс чинь оргүй хоосонд хийснэ... сэрсэн.2008,11 сар


10/25/08

:::Нэгэн зүүд:::

Зүүд минь ээ
Чи юу өгүүлнэ вэ?
Зүрхийг минь мушгиж,
Сэгсэрч хатаа
Гарыг минь гавал
Галзуу нохойд хазуул
Нүүрээр минь усанд дүр
Нүцгэн чигээр минь хотоор алхуул
Улаан гал дунд шатаа
Учир шалтгаангүй уйлуул, дуулуул
Төлж дийлэхгүй их өрөнд унага
Төмөр зам дээр хүлж хэвтүүл
Далан давхарт аваач
Далавчтай жижиг хорхой болго
Өөд болсон хүмүүстэй яриул
Өндөр тэнгэрт дүүлэн нисүүл
Гэмгүй хүнд хутга дүрүүл
Гэнэт би орилон сэрээд
Чанга гэгч нь алга ташиж
Чамд мэхийн ёсолъё.

Margaret Atwood
Нүд рүү дэгээ сүлбэх мэт
Над руу чи шургана
Загасны дэгээ
Хараатай нүд



Langston Hughes
Үүрдийн амгалан
Үелэгч цүнхээлийн сэрүүн царай
Үнсээч гэж намайг гуйсан юм



Paul Celan
Надаас бүх юм ховхрон унахад
Барин үлдэж чадсан цорын ганц зүйл минь
Үхэл минь
Чи байсан

9/7/08

:::Нэгэн зүүд:::

:::Нэгэн зүүд:::
Би амьд гэхдээ миний сүнс өөр хүний бие олоод надад их ойрхон төрчихсөн байна. Одоо бодож байгаа бодол, үйлдэл бүхэн тэр "ихэр сүнстэй" хамааралтай. Хэсэг үйл явдал өрнөөд миний "сүнсийг эзэгнэгч" амьд хүнтэй уулзаж ямар нэгэн зүйлийн тухай их л зовуурлан ярилцав... сэрсэн 2008.06.10


:::Нэгэн зүүд:::
Цав цагаан аалзнууд нуруугаар шавчихсан. Би байж ядна. Удалгүй шалаар нэг цас орсон мэт цагаан аалз арзганаж байлаа... сэрсэн 2008.06.09


:::Нэгэн зүүд:::
Таазнаас дусаал дусална
Чихний хажууд аянга адил
Миний дотно нэг найз нас барчихсан
Миний гуниглал дусаал ус мэт
Зовууртай
Усан дусал
Задарна
Цацарна
Аймшигтай сүр хүч
Их чимээ
Ямар нэгэн том үйл явдал болох гэж байгаа мэт.
Догдлол Яарна
Би талийгаач найзын гэрт очих хүсэлтэй
Түүний ээжтэй нь утсаар ярина
Ээж нь илтээр дургүйлж намайг тээршаана
Гэвч би очих болно.
Би Яармаг явах автобусанд арай гэж амжиж сууна
Маш удаан явна
Яваад л байна
Удалгүй найзын гэрт
Түүнд харамсана
Би уйлна
Би хүйтэн жихүүн шаналал мэдэрнэ
Түүний эх хүйтэн
Намайг тээршаана
Үзэн ядалт Нууцлаг орчин...

/Гэнэт би нас бардаг найзынхаа ээж нь болчихсон байх юм/
Надад /одоо би ээж нь/ ганцаараа байх чухал
Хэн нэгэн найз нь ирнэ гэнэ
Түүнийг ирвэл дэлхий сөнөнө
Аймшигтай
Хийх амжуулах ажил маш их байна
Ядаж бүгчим халуун
Давчуу орон зай
Тэр найз нь ирсэн....
Би үзэн ядна
Би цонхны шилэн дээр наалдана
Гадаах амьдралыг ажиглана
Тэнгэр бүрхэг
Үүл хурдан нүүнэ
Гэнэт тэр үед өөрийгөө нисдэг шавьж болохыг ухаарна
Жихүүн
Уйлна
Өөрөөсөө сэжиглэнэ
Зэвүүцнэ
Яг л ялгадас дунд сэлээд гарч ирсэн мэтээр...
Гэхдээ надад нэг ажил байна
Их чухал Санаа зовниж эхэлнэ
Ямар ажил яах гэж
Үл мэдэг Би гонзгой зүйлийг шүлсээрээ орооно
Ам хатна
Их хэцүү ажил
Бас хүнээс нууна
Чийгтэй бүгчим
Давчуу орон зай
Би жижиг гэдгээ мэдэрнэ
Маш жижиг
Хүмүүсээс айна
Хүмүүс асар том
Хүмүүс
Удаан
Хүмүүсийн хар нүднээс айна
Тэр гонзгой зүйлийг ороож дуусна
Гэнэт би өөрийгөө шавьж гэдгийг санана
Миний хийж байгаа тэр гонзгой зүйл миний авгалдай гэдгийг ухаарна
Ихээр сэжиглэнэ
Хийсэн зүйлээсээ айна

/Би буцаад нас бардаг хүүгийн найз болсон байна/
Найзын ээж банны өрөөнд
Таазны буланд ямар нэгэн юм хийнэ
Ямар нэгэн заваан зүйл урласан болохыг олж харна
Би асар их зэвүүцнэ
Огиудас хүрнэ
Би банны өрөөн дотор чөлөөтэй ниснэ
Тийм ээ би ч бас нисдэг шавьж юм байна
Огиудас хүрнэ
Талийгаач найз минь авгалдай болжээ
Дахин төржээ
Хөдөлж эхлэхэд
Би Бүх зүйлтэй хэдийнээ эвлэрсэн байлаа.
Авгалдай найз минь надад хэлэхдээ:
"Удахгүй шинэ мах шажигнана, Бидний идэж байгаа бүхэн Бидний үр хүүхэд" гэж хэлэв. сэрсэн 2008.06.23

:::Нэгэн зүүд:::
Улаан нүдэт, хөхөрсөн арьст, эрүүгүй нүүртэй хэн нэгэн миний урдаас тулж ирэв. Хамар шүргэх шахам зайнаас байдаг чадлаараа орилж гарлаа. Би айсандаа бас л архирна. Тэр нэг удаа орилохдоо нэг хүнийг хутгаар сийчэж алаад улам хүчтэй болоод байлаа. Би бас яаж зүгээр байхав гартаа барьсан хутгаар хажуугаар явсан хүн бүрийг л сийчээд байна. Хүн алах тоолонд гарт минь хүч мэдрэгдэж байна. Гэхдээ энэ бүхэн "би өөрийгөө толинд харчхаад л өөрөөсөө айгаад байсан" юм шиг байна.

:::Нэгэн зүүд:::
Голын эрэг дээр хэсэг хүмүүс /миний таньдаг хүмүүс л зугаалгаар явж байх шиг байнлээ/ инээлдэн сууцгаана. Би голын нөгөө эрэг дээрээс харж байлаа. Гэтэл гол дотор тусах тэдний дүрс нь амь ороод над уруу орилоод, бахираад л их ууртай байх юм. Би ч нум сум аваад ус уруу тал биеэрээ тонгойж байгаад тэдний харваж гарав...Удалгүй тэр тусгал дүрсүүд голоос гарч ирээд эрэг дээр байсан бүх хүмүүсийг цавчиж алсан...Намайг ч бас...2008,03,10

:::Нэгэн зүүд:::
Бурхантай уулзав. "Бурхан" надад аяганд хийсэн ус өгч байна. Энэ ус бол миний гомдоосон хүмүүсийн нулимс юм гэнэ. Би тэр нулимснаас нь нэг балгаад л асгартал уйлж гарлаа..."Бурхан" баахан юм яриад л байна.../мартчихсан/...Эцэст нь "Бурхан" надад 2 зүйл юмс бэлэглэж байх юм. Нэгийг нь санахгүй байна. Лав л бийр будаг бүрэн хэрэглэл өгч байлаа. Янз нь намайг зураач гэж мэддэггүй бололтой яаж хэрэглэх аргыг зааж өгөөд л байх юм... Аа тийм Бурхан хэлэхдээ “Нулимс бол нулимдас, нулимсан зүйл” гэж хэлж байсан...Бусад нь сарнив...2008/02/23

:::Нэгэн зүүд:::
Нагац ахын ууланд нуусан алт, мэлхий, ямаан, тахиан толгойт хүмүүс. Би үл үзэгдэх чадвартай болсон... ...бусад нь сарнив...2008.02.22

:::Нэгэн зүүд:::
Ажилийн өрөөний голд байх том ширээн дээр /40см х 5см хэмжээтэй/ цлиндэр шилэнд хийсэн зүүднүүдийг эгнүүлж тавьсан байлаа. Шилэн дотор кино гарч байгаа юм л шиг харагдсан. Энэ шөнө би эхний 6-г нь лав зүүдэлж амжив. юу зүүдэлсэн бүү мэд. сэрсэн. 2008.02.20

:::Нэгэн зүүд:::
"Цас орж байна гэж зүүдлээд майхан дотор сэрсэн..." тухай зүүдээ ээжид ярьж байтал тэр нь бас зүүд байдаг байгаа. :) Ажилдаа явах цаг болжээ... 2008.01.17

:::Нэгэн зүүд:::
Атгасан гар шиг том шар жоомнууд мөрөн дээгүүр давж үсрэлдэнэ... Дараа нь би хүний мах идэж үзлээ. Гайхалтай амттай байсан шүү. Чанаж болгоод идсэн бол бүүр гоё байх байсан биз... ...сэрсэн. 2008.01.18


6/9/08

--Нисванис--

...Зарааны арьсан гудсан дээр эвхрэн хэвтээд
Залуу насныхаа царайг харах гэж оролдоно
Замбараагүй олон даавуу шаавуу энд тэнд хөглөрөөд
Зангууны үлгэрийг уйтгартай хүүрнэнэ
Нойтон алганаас нь сэжиглээд би гар барьсангүй
Нойрмог нүдээр тэр хараад намайг таньсангүй...

...Эргэн тойрондоо хэзээ ч итгэхгүй
Харамч бурхны амьдрал энд байхгүй
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй
Айдсаас чөлөөлөгдөж магадгүй..

...Жаргал цэнгэл халиад ирвэл
Жаран хөлтэй хорхой тэжээнэ
Амьдрал утгатай санагдвал
Архи сархдыг хэсэг зооглоно...

...Хануур хорхойтой харанхуй нүхэнд тааралдлаа
Хатсан шарилж толгойгоор минь дүүрэн ургалаа...

...Сайхан сэтгэлт үсчин
Тэр намайг зассан
Итгэл дүүрэн сэтгэл минь юу болсныг ойлгоогүй
Иртэй хайчны буянаар хувь заяа шийдэгдсэн
Хэдэн өдөр гэртээ суусан, танд маш их баярлалаа...

...Бурхны өмнө би буруугүй ч
Буга чөтгөрийн өмнө би сөхрөөгүй
Сэвхтэй би сэвхтэй, сэвхтэй би царай муутай...

….Чамайг би санадаг, үзэн ядахыг хүсдэг
Гэвч би юу ч хийж чадашгүйнээ
Чи мэдэж л байгаашдээ
Намайг ямар хайртайг, ямар их өөрчлөгдсөнийг...
Хүн бүхэн залуу насаа алдаагаар чимдэг юм байж дээ
Хүн бүхэн залуу насаа алдаагаар чимдэг юм байж дээ...

...Би юу ч мэдэхгүй ээ
Бас инээж сураагүй ээ...

...Чи сайхан, би дурласан, хэнээс ч дутуугүй
Дурлал бүхнийг шийдэхгүй
Гэхдээ би чамайг жаргааж баяр баясал өгөх хүн чинь биш ээ
Чи хайртай, би ч хайртай, хэзээ ч нийлэхгүй хоёр туйл...

...Могой мэт хүйтэн сэрэл
Цээжин дээгүүр мөлхөөд
Өө энэ хар дарсан зүүд үү...

...Мянган жилийн дараа
Оддын дунд уулзъя даа...