7/27/09

"Миний дургүй сарууд"
...Үгүй дээ, миний дургүй сар

Зургаан сар биш юм байна.
Долоон сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дундаа ороход тэнэгүүд л догдолдог биз ээ...
Бошинз бүхний хормой дор
Борлосон шилбэ өдөөстэй.
Янхан бүхний уруул дээр
Ялдам инээмсэглэл уриастай.
Задгай шар айрагны
Задгай сэхээвчин доогуур
Задгай энгэртэй охидын
Задгай янжуурын утаа
Доромжлол мэт хөшилдөөд л, гэлээ ч миний дургүй сар
Долоон сар биш ээ, биш.
Дулаан тэнгэрээр нэг
Дуу тархаад... Яалаа гэж
Найман сар...
-------------------------------------
Г. АЮУРЗАНА
Сэтгэл рүү шагайгч Түүнд

7/22/09

Зутруу дурсамж, бодлын чандруу
Цагны чимээ, бороон дуслууд
Тэртээд хуцах нь шөнийн ноход
Тийм гэхийн нэргүй хэмнэл аяз.
Харанхуйн жүжиг, зүүдний тайз
Хачин их үзэн ядалт миний зүг...
Сүүлчийн амьсгалыг надаас булаах
Сүүмгэр түрэмгий тэд тал нүүртэй...
Хөгжим хэсэг намжиж, хоолой засах
Хөшиг түр хаагдаж, гэрэл унтрах...
Цонх мөргөж үхэх дэнгийн эрвээхэй
Цочиж сэртэл сүнс нь миний эмээ...
Төдөлгүй өтөн далайд сэлж
Төмөр замаар мөлхөж
Агаарын бөмбөлгөөр хөөрч
Араатан амьтантай зугаалж
Ухаан санааны хийн дасгал
Унтах гэж тарчилсан нэгэн шөнө.
Аз жаргал, амжилтын алим
Зовлонгийн цэцэрлэгт ургавч
Амсах төдий ялзрах нь бий.


Өглөө нарны туяанд хурц гэрэлтэж
Өнгөлж зүлгэж суусан хайр нь гялалзавч
Өөрөө хагарах шил адил бутрах цаг ирнэ.


Буруу замаар шороо тээн ирэх
Бусдын тэнэгийн гайхан шагшивч
Буцааж бодвол чиний тэнэгийг тэд гайхна.


Хотлын захирч ихийг бүтээж
Хорвоог хивсээр бүрэвч
Хоёр хөл чинь углааш хүснэ.


Алтыг хайлуулж гоёл хийж
Алдааг харж сургамж авсан ч
Авсанд орохдоо чи бид адил нэг.

7/15/09

Тэнгэрийн гуниг болор үүлнээс
Тэртээх уулс бодлын зүгээс исгэрнэ
Талын зам морьдын сүүлнээс
Таанын үнэр нэрмэл жүнзнээс исэлдэнэ
Зүгийн баруунаа зүсрэх борооноос
Зүрхний гүнээс миний хүлээлт шүү
Мөнх бус, чанар хоосон бүхнээс
Мөдхөн буцахаас урьтаж мэдэр ээ

7/4/09

Гэрлэн зурагт шунагч


Гуниг баярын явдал хэмжүүр
Гурван цагийн зангилаа эмжээр
Энгүүн өчүүхэн орчин юмс
Элдэв зүйл миний садан

Ахиу төрх, агшин төдийг
Гэрлэн дардсаар мөнхрөөн хэтийнэ
Агаар орон, зохироо бүгдийг
Тод, бүгээн өнгөөр баралмуй би

Наран сарны авир төрхөөр
Намар өвлийн амь мөнхөөр
Одоо цаг дор мөргөн баясан
Орших үгүй нь миний эз

Үзэх гэгээн, саруул орчин нь
Үнэр, эгшиг, шад мөр мэтээр
Үйлээр тохиосон энэ агшнаа
Үлдээж хоцроохуйд бүрэн шунана би