8/21/09

Ус дуслах чимээ энгэр цээжинд сонсогдох нь
Тасархай, хагархай түүний хэмнэл.
Урдаас алхан ирэх хэн нэгэн
Танихгүй танил, толинд ойх нь миний төрх.
Уйдахгүй, залхдаггүй мөлхөө сүүдэр минь хүртэл
Шаргал навчин доор надаас нуугдах нь намар цаг.

8/17/09

Гэрэл зураг
Энэ л насанд ганц удаа хэрэглэх хамар, чих, амны зураг
Эрвээхэй нисэлдэх хорвоог миний дотроос ажих нүдний хөрөг,
Ургалаа гээд богиносгоод засуулчих, энэ хэвээрээ байхгүй үсний хэлбэр.
Уйтгартай гөлчгөр цаас;
Аль болохуйц гаднаа баяртай инээмсэглэж,
Аятайхан гарахыг хичээсэн хямдхан хүслийн л сүүдэр.
Хуучирч, ханцуй нь сэмэрсэн ноолууран цамцны зураг.
Хуучин энэ цамцны шошгон дээрх “Made in Mongolia”
Өчүүхэн, хэн ч олж харахгүй тэр хатгамал шошгоноос
Өрөвдмөөр, гарах замгүй түгжигдмэл, бахархал мэт гэгээ цацрах нь
Энэ зураг дээр үзэгдэхгүй
Тайлаад сольчих баг мэт нүүр царай бол би биш,
Та эндээс НАМАЙГ олж харахгүй.
2008.3.11. Г.Аюурзана

8/14/09

Үг минь үнэгүй
Үнсэлт минь хүчгүй
Хуучин гутал шиг энэ бие
Шавар шалбаагтай шөнийн гудамжинд
Сайхан зүйл мөрөөдөн чам руу л алхана.

8/9/09

Ойхон арлын зүүд
Зүүн мөрөн дээр цас шүхэрлэнэ.
Салхи инээвхийлнэ.
Баруун мөрөн дээгүүр хэн нэгэн өнгийж
Сэтгэл уруу минь чимээгүй шагайна.

Сэтгэл уруу шагайгч Түүнд:
Наранд хандах минь мөргөлийн үг мэт,
Бурхан Хадыг гороолсон зам минь
Амьдралаас залхаж хатгасан цэцэг мэт.

Энүүхэн ч биш, бүх амьдрал минь цэцэг л дээ.
Гэхдээ
Шүлгийн адагт тавьсан бяцхан цэнхэр цэг дотуур
Сүнснүүд хожим буман жил нисэлдээд ч,
Нөгөө хязгаарт нь хүрэхгүй.

2007.01.29. Г.Аюурзана

8/3/09



Хар кофе, Луи Армстронг хоёр
Хачин адилхан санагдаж
Дэгжин бүрээний хөнгөн хэмнэл
Дэлхийн татах хүчнээс өндөрт дүүлнэ.

8/2/09

Миний очиж үзээгүй тэр далайн эрэгт
Яг одоо би цагаан сахлаа имрээд зогсож байгаа
Миний уншиж үзээгүй тэр номын мөрүүд дунд
Яг одоо энэ мөрүүд бичигдчихсэн л байгаа.
Энэ ертөнцийн бүхийл өнцөг хонгил, гудамж, тагт бүхэнд
Энэ бие минь очиж өглөөний цай үнэртэж, оройн нарыг ширтэн зогсоо.
Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй тэр нэгэн үнэн
Яг одоо намайг хаа нэгтээ үгүйсгэж буй
Миний үхэж үзэхгүй үхлийн хэлбэр төрх, агшин
Яг одоо хэн нэгнийг миний өмнөөс залгиж буй
Хэний ч бодоогүй бодол, сэрэл, мэдрэмж бүхэнд
Хэзээ нэгэн цагт сэтгэл минь явж очих болно.
Намрын шөнө оддын нүүдэл умрыг зориход
Навчин дээр хөрвөөх шүүдрийн дуслыг
Саран эмээгийн гэрлэн зүүгээр нэвт сүлбэн сэрээхүйд
Саваагүй дусал уулга алдан газарт унав.