3/31/10

Нуурын цүнхээлтэй
Сарны гэрэлтэй
Нулимс минь л
Миний өмч …
Яг үнэндээ бол "өмч" гэж огт байхгүй энэ бие минь ч түр зуурын түрээсийн төдий юм. Хаанаас хаашаа явж байгаагаа анзаарах ч хүсэлгүй сарыг дагаад л алхана. Энэ шөнө саран дээр үер буусан байх гэж бодно. Хүмүүсийн тухай санаа алдан алдан алхана. Хүн хүнтэйгээ яаж харьцаж, яаж хандаж болдгийг таньж мэдлээ. Бодох тусам өрөөлийг өрөвдөв. Ай хөөрхий хүн гэж амьтан энд ганцаараа л ирсэн ганцаараа оршиж ганцаараа л оддог юм байна. Хэнийг ч битгий хань тат, хэнд ч битгий хорогд. Явах цаг болоход бид өөрсдийгөө ч орхиод одно. Хэдийгээр эцэг эхээс үүдэлтэй боловч тэд бол өөр хүн /хөндлөнгийн/. Тэдний ачийг хариулах тухай бодох хэрэгтэй болохоос тэднээр амьдарлаа мэдүүлнэ гэдэг юутай өөрөөсөө төөрсөн өрөөсгөл хэрэг вэ.
Амьдрал бол нийтийн унаа төдий юм шиг. Суугаад буухын хооронд сандал суудалд санаархана, хүүхэн шуухан, хүн амьтны эдлэлд шунана. Тэгж яваад буудал андуураад буучихвал юутай тэнэг. Энэ амьдрал бидний зүүднээс ч хийсвэр юм шиг санагдана.

Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү

Бүрхэх сэтгэлд гэрэл оруулах гэж бүтэн өдөр ухаантныг дагав. Тэрбээр:
“Өөртөө хүсэж байгаа бүхнийг
өрөөлд эхлээд хүс
өөрийгөө хайж байгаа бол
өрөөлөөс тольд
Ухаарах номтой
Уйлах нулимстай
Үүрэх зовлонтой
Үнэрлэх үртэй яв
”хэмээх үгсийг өдөржин айлдав...


3/28/10

Инээж байгаа хүнийг
Өрөвдөж уйлмаар санагдаад
Эмгэд өвгөдийн нүднээс
Нууц үнэн тодроод
Хөөрч тоглож явсан дүү нар минь
Надаас хөгшин болчих шиг
Гучин насны үүл уул ороогоод
Гунигтай өдрүүдээс уйдах шиг
Сүүмийх төдий зулын гэрэл
Нарнаас хурц туяарахад
Сүмийн орой дээрх гөрөөс бид хоёр
Ямар нэгэн юмыг хүлээзнэх шиг
Уйлж болохгүй инээж болохгүй
Утгагүй байдал удаан үргэлжлэхэд
Үхэл чи хайраас өгөөмөр санагдана.

Өглөөний таван цаг хорин таван минут
Өөртэйгөө ярилцахад хамгийн тохиромжтой мөч
Үзэн ядалт уур бухимдал бүгд замхарч
Үл итгэлцэл, гомдол, цөхрөл бүгд унтжээ
Өнөөдөр, өчигдөртэй ээлж солигдож
Өвгөн хэрээ өнгөрүүлснээ зүүрмэглэхэд
Бүдэг гэгээ цонхны хөшиг даган мөлхөж
Бүсгүйн өврөөс хэн нэгэн зөөлөн босож тамхи асаана.
Яасан аниргүй мөхөл мэт эхлэл вэ?
Яг л ийм үүрээр холын холд одох юмсан.
Байгаагаараа байхсан
Бачуухан байна энд
Баг хэрэггүй
Зангиа хэрэггүй
Сансарт ниснэ
Нисэх хүсэл ч алга
Далавч зурна
Зурмал далавч
Гуйж байна
Битгий харьцуул
Тэр жигүүртнүүдтэй.
Буцахын хооронд
Сайхан байна
Шавар намагт
Шигдээд
Өөрийгөө мэрнэ
Өтөж ялзарна
Намайг ид өтөө
Цад өтөө
Сэг зэм болго
Тамлан жаргаа
Тархинд минь үүрлэ
Итгэлийг минь ид
Сэтгэлийг минь л үлдээ.
Цөхрөлийн дэнлүүг дээрээ өргөөд
Дээвэр дээвэр дамжин гүйнэ
Мөхлийн дууг бахдан аялаад
Мөнх мөнх оршино
Цав цагаан тэр номын зарим хуудсыг эргүүлэх зүрхгүй
Цагаахан ширүүн бороо шиг ээждээ шүлэг бичих зориггүй
Алдсан оносон хуучин дурсамжуудаа ахин санах хүсэлгүй яваа минь
Алсын тэртээ нэгэн өдөр аймшигтай ихээр уйлах шалтгаан болох бий дээ.

3/26/10

Зуурдын амьдралд үүрдийн хайр байна гэвэл
Зургаан зуун жилийн настай мод болж ургая би
Зугаалж яваад амраг минь чи над дээр ирвэл
Зуны халуунд сүүдэрт минь тухлаарай.
Зутруу өвлөөр даарч ганцаардвал
Зуухандаа өрдөж намайг түлээрэй.