6/30/12

Ус туучин гүйж өнгөрөхөд минь
Уйтгартайхан харсаар хоцорсон
Балчир нас минь байж л байгаа даа тэндээ
Маахуур толгойн энгэрт
Миний тоглож байсан чулуу
Сүмийн шат болжээ...
Оносон ганц үг соёолхуй
Оргүй хоосноос цэцэг дэлбээлэх мэт
Олзуурхан баясмой.
Төрийн сонголтоо хийх гэж
Төгөссөн сургууль дээрээ очив
Яасан жижигхэн, яасан сайхан...
Бурхант хөшөөний тойронд
Балчир жаалууд тоглохуй 
Буддагийн инээмсэглэл нүд гялбуулам...
Хамгаас эрт ажил дээрээ очтол
Хажуудах цэцэн минь дэлбээгээ нээчихжээ
Хандаж гайхуулах хэн ч байсангүй...
Ягаан тэнгэртэй саарал хотод
Ганц хэрээ
Яндангуудын эзэрхийлэл дунд төөрчээ...