1/10/09

Чимээгүй хотын утаан дунд инээмсэглэл ч тааралдахгүй
Чийдэнгийн шар гэрэлд гараа эгээд ч дулаацахгүй
Золбин нохдын ороо шиг энэ өвөл дуусвал
Зоргоор хөвөх үүлсийг харж сэргэх юмсан.
Нам үелзэл мянган жилээр урсана
Нар сарны эргэлт галзуурмаар удаан хөвөрнө
Нас үсэнд минь цус дутагдан сульдаж
Надад тэсрэлт зүүдлэгдсээр л ...

12/29/08

2008 он

Хүн чанарын өрөө бүдэг лаатай
Хүнсний дэлгүүр үхлийн бараатай
Сонины нүүр хэрүүлийн алимтай
Сонгуультай, галтай, сумтай өдрүүд

Төрийн амьдрал цасан шуургатай
Төв замууд ланд-ны түгжрэлтэй
Уусан, идсэн бүгдээр ойлгомжтой
Урилга, мэндчилгээ, талархалтай өдрүүд

Урлагийн тайз хулгайчийн царилтай
Ухаангүй согтуурсан балмад залуустай
Өндөрлөгүүдийн ам согтуурлын үгтэй
Өрсөлдөөнтэй, алттай, тугтай өдрүүд

Эдийн засгийн амьдрал хэвтрийн дэглэмтэй
Эмээ өвөө нар ааш муутай
Бачуурсан, уурласан галзуу нийгэмтэй
Баралгин, Димдрол, Сидуксинтэй өдрүүд баяртай.

12/11/08

Зүүдэлж байна яг одоо
Зүрх дэлсээд инээд хүрнэ
Томоос том жоом намайг
Амьдаар минь...
Тонголзоод л...
Ямар
Удаан...

Ийм сайхан шөнө сарны тухай
Дээрэмчдийн ахлагч хүртэл
Дуу зохиодог байлгүй
Ашиг тусгүй үнэний төлөө
Алдсан хором бүхэн минь
Гантиг инээлгэх гэсэн
Гашуун солиорол

12/8/08

-Цагаан эгшиг-
Чи над дээр үүрэн унах шиг
Чимээгүй цас бударна


-Шувууд-
Сүрэглэн ирэх шувууд
Сүүдрээ түүж иднэ

-Б. Пүрэвсүрэн-