6/2/11

Нэг нүдээ тас аниад
Нэлээн хэдэн сарыг үдлээ
Цонхоо нээлгүй нүүрээ нууж
Цоожтой сэтгэл минь тоосонд дарагдав.
Бээрсэн ялаад ганц нэгээр суниагаад
Бэлэвсэн шоргоолж тагтан доогуур алхана.
Элчгүй наран доор сарзайх
Навчгүй модод такси хүлээх адил зам дагаад
Эмээ, өвөө нар тэтгэвэртээ догдлон оочирлоод
Энэ хотод хавар иржээ...
Хамаг бие минь шил мэт
Хачин тунгалаг мэдрэмж
Хагарах, цуурах хүйтэн чимээ
Хаанаас ч юм хэн нэгэн нэвт ширтэнэ.


Салхи исгэрсэн хязгааргүй хонгил
Сарны туяа бүдэг гэрэлтэй
Толины тусгал шуугиант ертөнц
Толгой эргэж таазаар би мөлхөнө.


Бүх утга тэгтэй тэнцүү
Бүрхэг тэнгэрт том, жижиг цагнууд ниснэ.
Шивнэж хэн нэгэн өнгөрснийг дурсахад
Шилэн бороо зүрхийг сийлэн урсана...

5/4/11

Тойрон нисэх цагаахан шүлгүүд
Торноосоо мултарсан шувууд
Тийм гэх нэргүй мэдрэмжүүд
Тэнгэрээс будрах гунигт бүжгүүд
Аниргүй нам гүмийн зүүд
Агшин зуурын мөхөл мэт
Ямар нэгэн хүлээлт мэт
Яг ийм өдөр л тэнгэрт нисмээр.

1/27/11

Санахгүй ээ бидний эхлэлийг
Сая сая хүмүүс
Сарны доор үржинэ.
Мэдэхгүй ээ би эндхийнх биш
Мэлхий, туулай, сармагчин
Миний хөршүүд.
Дасахгүй ээ би эндхийн бүхэнд
Дарс, чихэр, тамхи
Дараа нь бүгд л хорууд.
Харж байна уу оддын зүг
Хаанаас бид ирээ вэ
Хамаг орчлонг хэзээ нь эзлээ вэ?

1/9/11

Цэцэг ургах нь сонсогдох
Жижигхэн өрөөнд минь
Чимээ аниргүй нам гүм
Чиний тухай бодлууд
Надтай хамт
Цантсан цонх
Унтаж байгаа ханын цаг
Удаан удаан будрах цас
Гадаа хэн нэгэн алхаасай
Гараа даллан мэндлэх юмсан
Яг ингээд зуун өвөл үргэлжилвэл
Ямар олон хүн шүлэг бичих болоо
Яг хэчнээн мянганы дараа
Би цас болон будрах болоо...

1/2/11

Өөрийгөө хуучин модон гүүр гэж нэрлээд
Өвлийн жаврыг сөрж хөл нүцгэн алхав
Бороон дусал бүрийг амьд хэмээн бодож
Бодлын гүнээс цас шуурахыг мэдрэв
Биеэрээ дүүрэн нүд ургуулаад
Бурхантай ярилцаж зүүдлэв
Маргааш бүхнээс жийрхэн холдоод
Мартагнал бүхэнд сөгдөн мөргөв
Цаг хугацааг хараан зүхээд
Цаашаа хараад чимээгүй суув

12/28/10


Яг одоо арван гурван цаг хорин минут
Яст мэлхий зам хөндлөн гарч явна
Гэр хороолол шиг олон машинууд
Гэрлэн дохион доор эвшээлгэнэ
Яг одоо арван гурван цаг гучин минут
Янжуурын утаа зоогийн газарт ширээний бүжиг хийхүйд
Тарган авгайн хэрхэн хоолоо идэж байгааг
Тахианы гэр бүл чимээгүй ширтэн сууцгаана.