5/9/09

:::Нэгэн зүүд:::
Би хаа нэгтээ эхээс төрсөн чигээрээ алхаад л байна, алхаад л байна. Улмаар цагаан хэрэглэл бүхий орон дээр ирж сууна. Орны ирмэг дээр хэдэн ширхэг үс харагдаж байна. Тэгтэл тэр үснүүд амь орж тус бүрдээ могой мэт, хялгасан өт мэт эвхэрч хөдөлж эхлэх нь тэр. Түүгээр ч зогсохгүй тэдгээр үснүүд над уруу дайрч бүгдээрээ миний арьсны нүхээр сурган орцгооно. Энэ үед аймшигтай мэдрэмж төрж хамаг бие арзганан, хаа сайгүй мурилзан эвхрэх үснүүдийг арьсан завсраас цухуйн хөдлөхийг мэдэрч, харж байлаа.
Нэг нэгээр нь сугалаад дуусахгүй гэдгийг ойлгоод хэн нэгнээс гал нэхэн хамаг чадлаараа орилно...

Энэ байдал түр намжив...

..Хэсэг тайван байсны дараа би ямар нэгэн үсчний газар ирчихсэн нүцгэн зогсож байх юм. Үсчний сандал доор хөглөрсөн их үс бүгдээрээ миний арьсанд шигдэн орж би яг л сармагчин шиг амьтан болж өөр дээрээ бензин асгаж, хамаг чадлаараа орилж, дэвхэрч байлаа...

Тэр үснүүд тус бүрдээ өөрийн гэсэн бодолтой, ямар нэгэн зорилго агуулсан, сэтгэх чадвартай амьд биет гэсэн мэдрэмж төрж байлаа.
2009,05,02

Шунхгүй өнгөгүй хорвоогийн жүжиг нь
Шуналгүй хүсэлгүй хоосон мэдрэмжүүд
Цөм бүгдээр утгаа гээхүйд
Цөхөрсөн миний инээд нэр төдий

5/7/09





Санамсаргүй явж байгаад хүйтэн пиво залгилах шиг
Сайхан мэдрэмжийн Нирванагаас амаслаа
Саваагүй жаалын тэнэглэлээс үнэтэй
Сайхан санаа харван үүдлээ надад

Энэ амьдралд гайхалтай сайхан зүйл их байна. Бишрээд барахгүй төгөлдөр мэдрэмжүүдээр дүүрэн юм. Ямар нэгэн догдлол, ямар нэгэн даган дуурайлт алга, зүгээр л ойлгож эхлэх гээд байна. Явах нь явж ирэх нь ирэг.

4/12/09

Үүлсийн доор шунах амьдрал
Үхлийн зүг шулуун аялал
Газрын дээр хайрлах сэтгэл
Гашуун үнэний хэврэг дусал
Нарны өмнөх мэдцийн хүрээ
Насны туршид чиний өмч
Сарны цаана харууслын үнэр
Санааны өнгөнд хуурмаг чимээ

4/9/09

Цагаан уул цэцэг шөнөөр эгшиглэж
Царцааны анир салхинд найгаж
Өөрийн гэх гэрэлгүй саран бүсгүй
Өрөөлийн гэгээг цэцгэс дээр зурмуй.
Сарны урласан цэцгэн шүлэг
Саруул үнэрээ зүрхэнд соёлхуйд
Хүн бие минь үүрэн бутарч
Хүсэх, бодох бүхэн өвсөнд шингэх шиг.
delete