3/28/12


Хэзээ тэр моддоос
Навч үнэртэх бол...
Хэн түрүүлж
Бороо...гэж дуу алдах бол...

3/20/12


Хөр цасан ханзарлаа
Хөлдүү сэтгэлт анд минь
Хүрч ирэх болов уу...

3/15/12

Далавчтай жижиг харандаанууд
Дагзан дээр минь нүд зурна....
Давстай чихэртэй өдөн санаанууд
Далан дээр минь жигүүр ургуулна... 

3/14/12

Намайг ажих цонх чинь
Нарийхан байна уу 
Нар тусахгүй хүйтэн байна уу...
Бэх асгах мэт харцаа
Битгий дусаагаач
Зүрхэнд минь

3/7/12


Тэнгэрийг тэнгэр байгаагийнх нь төлөө хайрлая
Тэртээ дээр нисэж байгаа шувуудтай хамт нь хайрлая
Моддыг модод байгаагийнх нь төлөө хайрлая
Монгол газар ургасных нь төлөө хайрлая
Өвгөдийг өвгөд байгаагийнх нь төлөө хайрлая
Өнгөрсөн түүх соёлоо хоцрогдолтой нь хайрлая
Гол мөрөн гол мөрөн байгаагийнх нь төлөө хайрлая
Гомдол цөхрөлийг нулимстай нь хайрлая
Ээжүүдийг ээж байгаагийнх нь төлөө хайрлая
Энэхэн амийг бүтээснийх нь төлөө хайрлая
Уулсыг уулс байгаагийнх нь төлөө хайрлая
Улс Монголоо ширхэг чулуутай нь хайрлая

3/4/12

Хэрсэн уулсын дунд төрсөн нутаг минийх 
Хээлсэн говийн цаана төөрсөн гүрвэл би


@@@


Эрх танхил гөлөг мэт 
Гинжин оосортой
Тэр бяцхан улаан цүнх 
Эзнээ хүлээн сандал дээр хэвтэж
Намайг ширтээд 
Эмэгтэй хүний тухай 
Эрээн хов хүүрнэв.




@@@




Тэр шат чулуун 
Тэгээд хүйтэн 
Түүгээр дамжиж ганцаардалд хүрнэ.


@@@






Ашиг тусгүй үнэний төлөө 
Алдсан хором бүхэн минь
Гантиг инээлгэх гэсэн Гашуун солиорол




@@@




Сүүдэртэйгээ хэрэлдэж 
Сарыг хага цохимоор 
Шөнө олон...


@@@




Мартагнал чамд сөгдөе 
Маргааш намайг бас залиг даа чи...


@@@






Улаан хуаран явах замд нар мандаад 
Улсын их дэлгүүрийн ард бороо дуслаад 
Алтан-Өлгийн задгайд айл нүүгээд
Ардын өмнөх түц-нээс тамхи асаагаад 
Хуучин гэмтлийн эмнэлгийн хашаанд онигоо яриад
Худалдааны гудамжинд майхан дэрвээд 
Сансрын тунелээс зүүн хойно хэрээ нисэээд
Сарны титэмийн баруун хаалгаар цэцэг дэлбээлээд 
Зурагтын хуучин эцэст модод сэрчигнээд 
Зуун айлын зам дагуу хосууд зугаалаад 
Дөрвөн зам, пөмбгөрт утаа суунаглаад 
Дөчин мянгатын аарканд хормой дэрвээд 
Багшийн дээдийн буудал дээр сайн дурынхан дуулаад
Барилгын техникумын баруун талд лонх задраад 
Нарантуулын саравчин доор наймаа хагараад
Нацагдоржын номын сангийн урд сугалаа явагдаад 
Шувуун фабрикаас солонго татаад 
Шархаднаас цаашаа тугал оодроод 
Дарь-Эхийн эцэст ноход янаглаад 
Дамбадаржаагын мухар гудамжинд сүү дэврээд
 Циркийн баруун хойно эмээ, өвөө нарлаад 
Цэцэг төв дотор шилэн тирко цоороод 
Чингэлтэйн хамар хашаанд охид чирта тоглоод
Чи бидний хүрээ нийслэл сайхан байнаа


@@@








Энэ нас тань хайран байна аа
Ээж минь ээ 
Элгээ сэмэртэл уйлахсан даа 
Эх орон минь ээ
Харууслаас хэтрэхгүй дээ 
Хайрлах мэдрэмж ээ 
Хамаг олноороо сэрэхгүйн дээ 
Хар дарсан зүүд ээ
Алслан холдоод олдохгүйн дээ
Аав минь ээ 
Алдсан оноо дуусахгүйн дээ 
Амьдрал минь ээ 
Эхэр татан уйлахсан даа 
Эр зүрх минь ээ 
Эргэж төрмөөргүй байна даа
Эрээн хорвоо минь ээ


@@@


Бүгдийг хайрлаж үхээд
Бүлээн борооны үүл болохсон 
Бүрхэг тэнгэрт мөнх одоод
Бүрэнхий шөнөөр сэмжирч хөвөхсөн 
Сайхан хайрлаж үхээд
Саваагүй гэнэн үүл болохсон 
Санах мэдрэмжээ үүрд гээгээд
Сартай нийлээд шөнөжин хүүрнэхсэн




Цусны үнэр хамар цоргиж
Цугласан олон хамгаар доргиж 
Хагарсан шил наранд гялбаж 
Хамаг олон уурсан турхирна 
Шудрага ёсны төлөө асаж буй гал 
Шувуудын далавчинд улмаа дүрэлзэнэ


@@@
Эхийнхээ хэвлийд
Үлдээсэн 
Эрх чөлөөг 
Гашуун гуниглал 
Ганцаардлаар 
Гэрэлтүүлснээ
Хадгалж чадвал
 Хамаг цагийн эзэн


@@@
Одогч хийгээд ирэгч бүхний зам мөр
Оргүй хоосон хязгаарын эхлэл хаалга
Үүл та хийсвэрлэл ба хэлбэржилтийн дээд
Үзэмж төгс таны араншинд сөгдөн мөргөе.
Зөнч мэргэн таны өнгө, ая эгшигт сүрдэнэ
Зөөлөн хатуугын ухаарлыг танаас хүртэнэ
Одот тэнгэрийн мутар гэдэгт итгэнэ 
Орчлон хорвоог та л урлан бүтээнэ. 
Ганцаардалтай хамт дүнсийх таны нулмис 
Гар дээр унах болор нүдээр таныг ухаарна 
Үнэний эрэлд хатсан энэ амьрал дуусхад 
Үхсэн миний сүнсийг шингээн таалаарай.


@@@
Нийт олноор нь мэдээлэх сувгуудаар 
Нэр нь тодроогүй дайчид илрээд 
Маргааш нарыг чинь мандуулна гээд
Матарын нулмисаар бороо шаагина


@@@


Номхон хүлцэнгүй явсаар залхаж байна 
Нойрмог мэт байдал залигаад байна
Бусдад тал засаж баг өмсөх утга алга 
Буруу, зөв гэж өөртэйгөө хэрэлдсээр удлаа 
Хэн нэгэн шөнийн мануухайд хутга шааж 
Хэрэг зорилгогүй цонх хагалмаар 
Замын машин хулгайлж унаад 
Задгай талаар тоос татуулан давхиж одохсон 
Хар тамхи судсаараа зугаалуулж 
Халуун гал дундуур орилоод гармаар
Гэмгүй нэгний хамрыг сөхөж орихоод 
Гэгээ орход хавчал дээрээс нисэж үхэхсэн


@@@




Анир үгүй үүрийн гэгээнээр 
Алсын уулс хөхөмдөг манантай 
Хаа нэгтээ шувуудын жиргээ 
Халуун өдөр болхыг зөгнөх шиг 
Утаат онгоц нарыг илчлээд 
Уудам мандалд сумбан одохуй 
Ухаа толгод сунайх адил 
Уужим хөндий улмаа цэлийнэ. 
Сүүн үүлс үнээ мэт цувраад 
Сүрэг үхэр зэлнээс холдход 
Аргалт утаа нам дор сунаад 
Айлын нүүдэл барааны газар тодроно. 
Эх нутгийн хэлбэртэй өрөм, 
Эмээгий атгаал ааруул аяганд минь
Тооноор өнгийх уулсын оройд
Тоглон наадах хурга ишиг дүүлнэ.
Сарьдаг уулсын мөнх цасанд
Сарлаг адил тас шувууд эргээд 
Тэртээ доор цэг мэт өвөө мань 
Тэнгэрт тухлах намайг дурандана. 


@@@




Мохсон сэтгэлгээт заваан шүлэг нэгийн дүлээд 
Модерн үзэгдэл гэж эндүүрэн усаа татаж цонхоор хартал 
Пост Монголын нар "Бээжин-Улаанбаатар"-аас мандаж 
Поп түмний итгэл "сонгуулийн пиар"-д хууртаж эргүүтнэ. 
Сахлаа бүтэн хусах завгүй харайлгаж харайлгаж
Санаа алдан утаат тэнгэрээ ширтүүт хиймэл бороонд нулимуулаад 
Андерграунд өдрүүдийг өмөдтэйгөө хамт мушгиж хатааж 
АнтиКарне бодлууд минь буу мөрөөдөж хуруугаа хэмлэн сууна. 
Атаархуу цаг хэрцгий авирлаж хэрэлдэж хэдэрлэхэд 
Алтернатив элийрлээс тайтгарал хайж тас тас хөхрөөд
Нойроо өөрөөсөө харамлаж тархиа маажиж маажиж 
Номон дундаас "?" тэмдэг гаргаж ирээд хоолойгоо боймилно.
Дөрвөн давхар зүүдний мухарт хэрээ гүйлдэж 
Дөчин тольны голд өөртэйгөө хэрэлдээд сэрхэд 
Үүр цайх гурван зуун жилийн дараа юм шиг 
Үрчгэр тархинаас утаа савсан халуу дүүгэж байдаг.


@@@




Би" амьдын хамааралд үерлэн урсах зомгол 
Бичиж буй үгс нь эрэг дээр бөхөлзөх ширхэг өвөсний үг 
"Би" онол дүрэмийн ханны ширхэг тоосго 
Бичиж буй үгс нь цонхон дээр мартагдсан кактусны үг


@@@


Өлмийд минь үүрэх навчыг мэдрэхүй 
Өндрөөс унах шиг огцом ядраад 
Хөдөлгөөн удааширч намагт шигдээд 
Хөрсөн гар салганан чичрүүднэ.












"Дарь-Эх"-ийн эцэс




Машин угаана
Миний дэлгүүр
Хорин дөрвөн цаг 
Хогын цэг 
Цагдаагийн эргүүл 
Цардмал зам 
Төмөр авна 
Блок зарна
Дугуй засвар 
Дурлалт хосууд 
Зоогийн газар 
Зочид буудал 
Эмийн сан 
Эрээн хашаа 
Шуудай түлээ 
Шороон шуурга 
Халуун усны газар 
Халтар жаалууд
 Согтуу эмэгтэй
 Сонгуулын хороо
Даржин амбаарууд
 "Дарь-Эх"-ийн эцэс...

















Дээврээс унжих болор дуслууд инээлдээд
Дэлгүүр хэсэг тухай бүсгүйчүүд яриа дэлгээд
Болзоонд яарах залуугийн шинэхэн сарнайн анхилд
Бодлоос хэн нэгэн тэнгэрт тэмүүлсэн хавар цагийн анир
Ахуйгаас ангид мэдрэхгүй минь
Ахин дахин санаа алдана...
Тохуурхал дунд эргэлдсэн
Тоглоомын төдий хийсвэр нэгэн амь...